21-06-2023, 08:53   Хэсэг: Шүүхийн шийдвэрийн тойм   Сэтгэгдэл: 0  

ХУЛГАЙН ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДСЭН ӨСВӨР НАСНЫ ШҮҮГДЭГЧИД ЯЛ ОНОГДУУЛАВ

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн №2023/ШЦТ/60 шийтгэх тогтоол

 

Шүүхийн шийдвэрийн тойм: №6, 2023.06.20

 

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

 

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

 

Прокуророос өсвөр насны шүүгдэгч Б-ыг насанд хүрээгүй яллагдагч Д нартай бүлэглэн Хятад улсад үйлдвэрлэгдсэн ногоон өнгийн арвайн хурд загварын мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,200,000 төгрөгийн буюу хохирлын бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэргийг гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Өсвөр насны шүүгдэгч Б- нь гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн байх ба Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэрэг үйлдэх үедээ 16 насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ, 14-16 хүртэл насны хүн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульд заасан.

Гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн 18 насанд хүрээгүй байсан хүнийг өсвөр насны хүн гэж үзэх бөгөөд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас, биед тохирсон, эрүүл мэнд, ёс суртахуу, сэтгэцийн онцлогийг харгалзсан, нийгэмд өөрийн байр суурийг олоход туслах, боловсрол эзэмшүүлэх, үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдэхэд хүргэсэн орчин, хүмүүсийн нөлөөнөөс тусгаарлах шаардлагатай тохиолдолд гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг хорьж хүмүүжүүлэхэд чиглэсэн байна.

Өсвөр насны шүүгдэгч Б насанд хүрээгүй Д нартай бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдсэн, Д нар нь 14 насанд хүрээгүй байх тул тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг прокуророос хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй.

Өсвөр насны шүүгдэгч Б-ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэсэн.

 

Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Уг шүүхийн шийдвэрийг шүүхийн шийдвэрийн цахим санд байршуулахгүй байх журамтай тул бүрэн эхээр нь үзэх боломжгүй болно.

 

Тоймыг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа


Нийтэлсэн admin   Үзсэн: 669   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст