21-05-2015, 09:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд талархсан иргэд ярьж байна


Б.Дашдорж: Хэргийг минь цагаатгасан шүүхэд баярлалаа


Ховд аймгийн Манхан сумын иргэн Б.Дашдорж 9 удаагийн шүүх хуралд орж, хэргээ шийдвэрлүүлэх явцад айж, гомдож, уйлж ихийг үзсэн ч эцэст нь шүүхийн цагаатгах тогтоол гарджээ. Тэрбээр шүүхийн талаарх сэтгэгдлээ ийнхүү хуваалцсан юм.

 

- Би Ховд аймгийн Манхан сумын "Ботгон” багийн Засаг даргаар 12 жил, төрийн байгууллагад нийтдээ 30 жил ажилласан. Намайг "Ботгон” багийн Засаг дарга хийж байх үед буюу 2012 оны 11 сарын 19-ны шөнө багийн төв дээр хэдэн залуучууд архи ууж байгаад маргалдсаны улмаас зодолдож, нэг залуу нь харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан юм.


 

Энэхүү хэрэгт Ховд аймгийн Цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэж, намайг гэрчээр дуудаж асуугаад явуулсан. Миний бие сумандаа эргэж ирээд 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 10-ны хооронд "Улсын тоо бүртгэл” болж малын тооллогод яваад байж байтал 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ховд аймгийн Цагдаагийн газраас дуудаж, дээрх хэрэгт сэжигтнээр татсан.

 

 

Ингээд би энэхүү хэрэгт холбогдон бүтэн хоёр жил цагдаагийн үүд сахиж, анхан болон давж заалдах шатны 9 удаагийн шүүх хуралд орж, анхан шатны шүүхээр хэргийг хэрэгсэхгүй болгож баярлаж үзлээ, шүүхээр 3 жил 6 сараар яллуулж гомдож, уйлж ч үзлээ. Мөрдөнд 4 сар хоригдож, 6 сараар баривчлах ялаар шийтгүүлж, 2014 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр суллагдсан. Хэрэгт холбогдож, мөрдөн шалгагдаж байхад бие сэтгэлээр хохирч, гутрах, ар гэрийнхэн минь дагаж хямраад сэтгэл зүйгээр хохирч их ч юм үзлээ.

 

 

Ялаа эдэлж гарч ирээд удаагүй байтал 2014 оны 10 сарын 03-ны өдөр Улсын дээд шүүхээс миний хэргийг цагаатгах тогтоол гарсан. Ингээд би сэтгэл санааны хохирлоо гаргуулахаар шүүхэд "Гэм хорын хохирол гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрээр надад 3 сая төгрөг гаргах шийдвэр гарсанд сэтгэл дундуур байсан тул Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхэд гомдол гаргасан юм. Ажилгүй байсан үеийн цалин болон сэтгэл санааны хохирлыг үнэлж 31 сая 700 мянган төгрөг нэхэмжилсэн. Ингээд Давж заалдах шатны шүүх хурал 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр болж, надад Засгийн газрын нөөц сангаас 16 сая төгрөг олгохоор болсон.

 

 

Би энэ шийдвэрт үнэхээр их сэтгэл хангалуун байгаа. Шүүхийн байгууллага иргэдийнхээ хууль ёсны эрхийг хамгаалсан явдалд талархаж байгаа юм. Хэдийгээр зарим шүүхийн шийдвэрт гомдож байсан ч дараа дараагийн шатны шүүхүүд нь алдааг нь засдаг, иргэний эрхийг хамгаалж байгаад баярлаж байна. Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Шүүгч, шүүхийн ажилтнуудад баярлалаа. Шүүхэд баярлалаа. Та бүхний үнэнч шударга, ариун цагаан үйлс дэлгэрч явах болтугай.



С.Ичинхорлоо: Шүүхээр хамгаалуулах эрхтэйгээ ойлгож авлаа


 

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн С.Ичинхорлоо орон сууцны өмчлөгч тогтоолгохоор Сум дундын 22 дугаар шүүхэд ханджээ. Шүүхээр өмчлөх эрхээ хамгаалуулах хугацааны сэтгэгдлээ талархлын үгээр уламжлахыг тэр хүсчээ.


 

- Би анх 2003 онд байр худалдаж авсан юм. Тэр үед худалдаж авах байрны эзэд байрныхаа гэрчилгээг гээгдүүлсэн тул зарсныхаа дараа гэрчилгээг гаргуулж өгөх хугацааг тохирсноор наймаа хийсэн. Гэтэл тэд байраа зарчихаад шилжээд явсан байсан. Ингээд худалдаж авсан орон сууцныхаа гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулахаар холбогдох байгууллагад хандахад байр худалдсан эзэн тань олдохгүй тохиолдолд та байрандаа 10 жил амьдарчихаад шүүхэд хандахад таны байр шүүхийн шийдвэрээр өөрийн чинь нэр дээр шилждэг гэсэн. Ер нь танихгүй хүн хайж явахаар өөрийн байрандаа 10 жил амьдраад байрныхаа гэрчилгээгээ авах нь хялбар байсан. Ингээд байрандаа 10 жил амьдраад 2013 онд шүүхэд амьдарч байгаа байрны маань өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд анхны өмчлөгчийн нэр, хаяг, утасны дугаарыг олж тухайн үед байр зарсан хүмүүстэйгээ уулзалдаад үл хөдлөх хөрөнгийг өөр дээрээ шилжүүлж авах итгэмжлэл хийлгүүлж авсан.Итгэмжлэлээ аваад үл хөдлөх хөрөнгийн газарт очтол тухайн байр маань 2 өмчлөгчтэй байсан төдийгүй 10 жилийн өмнө насанд хүрээгүй охин нь мөн хамтран өмчлөгч байсан нь лавлагаагаар гарч ирсэн. Байрны талаар охинтой нь утсаар ярихад би байраа зарагдсанаа мэдээгүй наад байр чинь миний байр гээд шүүхэд бас нэхэмжлэл гаргасан.Ингээд маргаан ээдрээтэй болж, би шүүхээр 2013 оноос хойш 2 жил гаруй явсан. Энэ хугацаанд манай гэр бүлийнхэн байраа алдчихвий дээ гэж шаналж, нойр хулжих шөнө ч олон байлаа. Ингээд нэг л өдөр гудамжинд гарчихдаг юм байна. Шүүх хэргийг яаж шийдэх бол доо гэж бодож явлаа. Анхан шатны шүүх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр гаргах, намайг үл хөдлөх хөрөнгийн албан ёсны өмчлөгч мөн болохыг тогтоосон шийдвэр гаргасан хэдий ч нөгөө тал давж заалдах шатны шүүх,Дээд шүүхэд гомдол мэдүүлсэн. Дээд шатны шүүхүүд анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцсэн зөв шийдвэр гэдгийг тогтоосон. Хэрэг маргааныг маань хуулийн дагуу шударгаар шийдвэрлэж өгсөнд Сум дундын 22 дугаар шүүхийн шүүгч А.Нарантуяа, туслах Э.Оюун-Эрдэнэ нартбаярлалаа. Шүүхийн шийдвэр миний талд гарсныг мэдээд үнэхээр сэтгэл тэнийж, дотор онгойсон.

 

 

Социализмын үед бидний итгэл үнэмшилд хулгай хийсэн, гэмт хэрэг үйлдэж болохоо байсан хүмүүс шүүхээр явдаг гэсэн ойлголттой байсан. Би ч тэдний адил бодолтой байлаа. Ингээд орон байрны өмчлөл хөндөгдөөд шүүх дээр ирсэн цагаасаа хойш шүүх гэдэг бол нийгмийн тодорхой нэг хэсэгт үйлчилдэг биш юм байна, хүн бүрийн амьдралд хэрэгтэй, хүн бүхэн шүүхээр эрхээ хамгаалуулах эрхтэй байдгийг ойлгож авсан. Би асуудлаа шийдвэрлүүлэхээр 2 жил гаруй шүүхээр явахад миний хэрэг 2 шүүгч, 3 шүүгчийн туслахын гар дамжсан гэхэд энэ хооронд ямар нэгэн хүндрэлтэй асуудал гараагүй, яг л нэг хүн дагнаад явсантай адил байсан. Шүүхийнхэн үнэхээр хүнийг хүндэтгэсэн, асуудалд шударга ханддаг, хариуцлагатай ажилладагийг би өөрийн биеэр ингэж мэдэрлээ. 

 

 

Л.ЯнжиндуламШүүхийн шинэчлэлийг мэдэрлээ

 

Сум дундын 13 дугаар шүүхээр ажилласан жилээ тогтоолгосониргэн Л.Янжиндулам шуурхай үйлчилсэн шүүхэд сэтгэгдлээ илэрхийллээ.

- Би өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтэргүй хүнд байдалд орсон. Хөдөлмөрийн дэвтэр маань манай гэрийг шатахад хамт шатчихсан юм. Нийгмийн даатгалын байцаагч ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн тул би Сум дундын 13 дугаар шүүхэд хандсан. Шүүх ажилласан жилийг минь тогтоож өгч, миний амьдралд дэм тус болж байгаад баярлаж байна. Өмнө нь би ах, дүү хоёрынхоо ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож шүүхээр үйлчлүүлж байсан. Шүүхийн шинэчлэлийн талаархи мэдээллийг телевиз хэвлэл мэдээллээс авдаг. Тус шүүхээр 3 удаа үйлчлүүлж, шүүхийн шинэчлэлийг улам ихийг мэдэрлээ. Шүүхийн ажилтнууд их боловсон харьцаатай хүмүүс байдаг юм. Хүнийг баян, ядуу гэлгүй сайхан харьцаж бүхий л асуултад төвөгшөөлгүйгээр тайлбар өгч байсанд баярлаж байна.

 
Я.Батхүү: Өвөрмөц шинэ үйлчилгээ нэвтрүүлсэнд баярлалаа

 

Иргэн Я.Батсүх: Эвлэрүүлэн зуучлал цаг мөнгө хэмнэсэн сайхан үйлчилгээ байна Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхээр үйлчлүүлсэн иргэн Я.Батсүх талархлаа бичгээр гаргажээ.


- Иргэний хуульд эвлэрүүлэн зуучлалын талаар нэмэлт өөрчлөлт оруулсан нь иргэдэд туйлын зөв шийдвэр болсон нь илэрхий харагдаж байна. Хариуцагч талууд заавал зөрчил маргаанд хүрэхгүйгээр өөрсдийн хүсэлтээр эрх ашгаа хамгаалж, мэргэжлийн хуульчийн дэмжлэгтэйгээр маргаанаа хэн хэндээ ашигтайгаар маш хурдан хугацаанд, бага төлбөр төлж шийдүүлж байгаа нь иргэдийн хоорондын сэтгэл зүйн харилцаанд сайнаар нөлөөлөөд зогсохгүй цаг зав, мөнгө хэмнэсэн сайхан үйлчилгээ байна.Энэ утгаараа ч нийгмийн хөгжилд дэвшил авчирсан өвөрмөц шинэ үйлчилгээг нэвтрүүлсэнд баярлалаа. 

Нийтэлсэн admin   Үзсэн: 1663   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд