25-03-2015, 10:39   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхэд баярлалаа...

Бусдад талархал илэрхийлнэ гэдэг сонсч байгаа хүндээ төдийгүй, хэлж байгаа эзэндээ ч өөдрөг сэтгэлийг бэлэглэж байдаг.Баярлалаа гэдэг үг шүүх хуралдааны танхимд янз бүрийн сэтгэл хөдлөлөөр илэрдэг. Шүүгчийн алх тасхийхэд тэвдэж тулгамдсандаа баярласан сэтгэлээ илэрхийлж амжаагүй олон иргэд талархлын үгтэй захидал бидэнд илгээсээр байдаг. Энэ удаад Орхон аймгийн иргэн Г.Энхмаа, Х.Ням-Өлзий, Налайх дүүргийн иргэн Т.Бямбарагчаа, Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн Д.Цэвгээ нарын шүүхэд хаягласан сэтгэгдлүүдийг хүргэж байна.


Иргэн Г.Энхмаа: Хэргийг маань шударгаар шийдвэрлэж өгсөнд баярлалаа

 

- Би 2000 онд Б.Энэбиш гэгч эмэгтэйгээс гэрчилгээгүй байр худалдаж аваад 2006 оноос хойш 6 жил гаруй шүүхээр явж, 2015 онд тухайн байраа өөрийн эзэмшлийн болгож авсан. Энэ хугацаанд Орхон аймгийн Сум дундын шүүхээс Дээд шүүх хүртэл явсан. Миний хэргийг шударга үнэнээр нь шийдэж өгсөн Орхон аймгийн Сум дундын 14 дүгээр шүүхийн шүүгч Б.Бямбасүрэн, Ж.Байгальмаа нарт баярласнаа илэрхийлье. Ажлын өндөр амжилт хүсье.


 

 

Иргэн Х.Ням-Өлзий: Шүүхээр үйлчлүүлж үзээгүй байж, нэр төрд нь халдах нь шударга бус

 

- Би захиргааны хэргээр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны 11 дүгээр шүүхэд хандсан. Хэргийг маань шүүх хараат бусаар, шуурхай, шударга шийдэж өгсөнд баярлаж байна. Хүмүүс шүүхэд баярлалаа гэж их хэлдэг байх. Би ч бас шүүхэд талархаж, халуун дулаан сэтгэгдлээ илэрхийлэгчдийн цуваанаас хоцормооргүй санагдлаа. Миний нэхэмжлэл гаргаж, шүүхэд хандсан хэрэг бол ганц миний эрх ашиг биш 500-гаад тээвэрчдийн эрх ашиг зөрчигдсөн хэрэг байгаа юм. Хууль ёсны эрх ашгаа шүүхээр хамгаалуулж чадсанд тээвэрчид төдийгүй тэдний ар гэрийнхэн сэтгэл хангалуун байгаа. Шүүхийн байгууллага шударга ажиллаж байна гэдэгт бид бүрэн дүүрэн итгэж амьдрах болно. Шүүх шинэчлэгдэж байгаа юм байна.Сарын дотор хэргээ шийдүүлж чадлаа.Бид шүүгчтэй уулзахгүйгээр туслахтай нь холбогдож зохих мэдээллээ аваад явж байсан. Би 2008 онд бас шүүхэд хандаж хэргээ шударгаар шийдүүлж байсан.Өнөөдөр шүүх тэр үеийнхээсээ илүү боловсронгуй, чирэгдэлгүй үйлчилгээтэй болжээ. Жилээс жилд шүүхийн найрсаг боловсон үйлчилгээг мэдэрч байна. Заавал дээшээ гүйгээд цаг алдалгүйгээр мэдээллийн ажилтнаас нь хэрэгтэй мэдээллээ аваад гарч болох шуурхай орчин бүрджээ.Энэ бүхэн бидний төлөө шүүх засаглал ажиллаж байна гэдэгт итгэл өгч байна. Анх шүүхэд хандахад "Надад ч найдлага байхгүй дээ, танил талгүй юм чинь гэсэн уруу дорой бодол төрж байсныг нуухгүй. Үйлчлүүлж байж л шүүхийн шударга ёсыг мэдэрдэг юм байна. Зарим ташаа ойлголттой цөөн хүмүүсийн сөрөг туйлшрал иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлдгийг би тэгж мэдэрсэн. 

 

Олон хүний эрх, амь амьдрал, хувь заяаг шийддэг шүүх шударга ажиллах үүрэгтээ чин үнэнч хандаж, хэргийг маань шуурхай шийдвэрлэж өгсөнд баярлалаа. Манай тээвэрчид сэтгэл санаа өөдрөг иргэддээ үйлчилж, аюулгүй байдлаа хангаад явж байна. Ямарваа нэг төрийн байгууллага хуулийг гажуудуулах гэж тушаал шийдвэр гаргадаггүй байх л даа. Хууль дүрмээ дутуу дулимаг мэддэгээс болоод алдаа оноо гаргадаг биз. Энэ ташаарсан алдааг нь шүүх засч залруулаад, үнэн зөвийг нь тогтоогоод өгч байгаад талархаж байна. 2008 онд намайг шүүхээр асуудлаа шийдүүлээд ялахад, зарим хүн "Чи яасан их танил талтай юм. Чиний цаашид ажлаа хийгээд явах асуудлыг хөндөж ярина" гэж байсан. Тэгэхэд би "Хууль дүрмээ мэдэхгүй, яасан богино ухаантай юм дээ" гэж тэвчээд өнгөрсөн. 

 

Хүмүүс мэдэхгүй зүйлээ мэддэг мэтээр ташаа ойлгож ярих нь хамгийн том алдаа. Өөрөө л шүүхээр үйлчлүүлж, нүдээр үзээгүйгээс хойш шүүхийг буруутгаад, нэр төрд нь халдах нь шударга бус юм.Яагаад гэвэл амьдрал өөрөө худал үнэнийг хэзээ нэг цагт шалгаад өгдөг юм байна. Анх шүүхийн танхимд зогсож байхад надад сүрдэж мэгдээд "Би яана аа" гэж бодогдох үе байсан. Миний ард олон зуун тээвэрчид байхад, төрийн гаргасан буруу шийдвэрийн улмаас би шантарч ажилчдаа тарааж болохгүй учраас шүүхэд хандсандаа баярлаж байна.Хууль эрх зүйн мэдлэггүй байж ажил хийх нь нэг талаар бидний бас дутагдал. Нөгөө талаар иргэд маань шүүхийн талаархи цуу ярианд автаж, шүүхээр хамгаалуулах эрхээ битгий алдаарай гэж хэлмээр байна.

 

 

Иргэн Т.Бямбарагчаа: Маргаанаа эвлэрлийн журмаар шийдвэрлүүлсэндээ баяртай байна

 

Би өөрийн эзэмшлийн байраа С.Гансүх, Д.Болорцэцэг нарт түрээслүүлж, түрээсийн төлбөр 13.000.000 төгрөгийг авч чадахгүй байсан тул 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг маань шүүгч З.Түвшинтөгст хуваарилагдсан ба надад эрх, үүргийг маань тайлбарлан өгснөөр хуульд заасан эдлэх эрх, хүлээх хариуцлагаа мэдсэн. Би шүүхэд хандахаас өмнө С.Гансүх, Д.Болорцэцэг нартай уулзаж ярилцах гэсэн боловч чадаагүй. Харин шүүхээс бидэнд уулзаж ярилцах боломж олгосноор эвлэрлийн гэрээ байгуулж, хялбаршуулсан журмаар хэрэг маргаанаа шийдвэрлүүлж чадлаа. Шүүхэд анх удаа хандаж байгаа миний хувьд төрийн бусад байгууллагаас илүү шүүх шинэчлэгдэж байгаа нь мэдрэгдсэн. Тус шүүхийн Тахар, мэдээлэл лавлагааны ажилтан Д.Одгэрэл,шүүгчийн туслах Б.Батцэцэг нариргэдтэй зөв боловсон харьцаж, иргэдэд хүрч үйлчилж байгаа нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Иймд өндөр настай иргэн надад ямар нэг ялгаваргүй хандан,төрийн үйлчилгээг чирэгдэлгүй түргэн шуурхай үзүүлсэн шүүгч, шүүгчийн туслах нартбаярлаж байгаагаа хэлэхэд таатай байна.

 

Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн Д.Цэвгээ: Шүүгч, өмгөөлөгчдийн мэдлэг, ур чадварт талархаж байна.


- Миний бие 2014 оны 08 сарын 29-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр  чөлөөлөгдсөн. Ингээд Сум дундын 5 дугаар шүүхээр 2014 оны 09 сарын 01-ны өдөр ажлаас үндэслэлгүйгээр халагдсаныг тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулахаар 3 шатны шүүхээр хэргээ шийдвэрлүүлсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй зөв гарсан байсан. Шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх явцад шүүгч, өмгөөлөгчдийн хууль зүйн мэдлэг, харилцаа, ур чадвар  сайтай байсанд талархаж байна. Түүнчлэн захиргааны ажилтнууд нь түргэн шуурхай, эелдэг найрсаг зан харилцаатай байдаг юм байна гэдгийг ойлгож авсан. Захиргааны ажилтнуудын үйлчилгээнд нь сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэхэд таатай байна. Шүүхийн байгууллага хэргийг шударга шүүж,  хэргийн үнэн зөвийг тогтоож  шийдвэрлэсэнд иргэн миний хувьд талархаж байгаагаа илэрхийлж байна.

 

 

Ш.Отгонцэцэг

Нийтэлсэн admin   Үзсэн: 1491   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст