8-10-2014, 10:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлах үйлчилгээг сонгох иргэдийн тоо өсч байна

Шүүхийн бус журмаар маргаан шийдвэрлэх аргуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг иргэдэд илүү дөт, зардал багатай, үр дүн сайтай гэж дэлхийн олон орон үзэж, эрхзүйн тогтолцоондоо өөр өөрийн онцлогтойгоор нэвтрүүлж байна. Энэ үйл ажиллагаа нь хурдан шуурхай, зардал бага, нууцлалын өндөр түвшинд явагддаг, сайн дурын үндсэн дээр хэрэгждэг гээд маш олон давуу талтай.

Одоогийн байдлаар иргэний хэргийн анхан шатны 33 шүүхэд орон тооны 42 Эвлэрүүлэн зуучлагч ажиллаж, орон тооны бус 366 Эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Эвлэрүүлэн зуучлалыг иргэний эрхзүйн маргаан, хөдөлмөрийн ганцаарчилсан болон гэр бүлийн харилцаанаас үүссэн маргаанд хэрэглэж байна.

Монгол Улсын шүүхээр 2014 оны эхний хагас жилд эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар нийт 2452 нэхэмжлэл болон өргөдөл хүлээн авснаас шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдөл 2284, шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлсэн нэхэмжлэл 70, шүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлсэн иргэний хэрэг 69 байна.

Шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид гаргасан 2284 өргөдлөөс 100 өргөдлийг журмын дагуу хүлээн авахаас татгалзаж, 49 өргөдлийг хүсэлт гаргагч өөрийн хүсэлтээр өргөдлөө эргүүлэн татаж, 1639 өргөдлийг шийдвэрлэж, 496 өргөдлийн үлдэгдэлтэй байна.

Шийдвэрлэсэн 1639 өргөдлөөс 899 эвлэрэл амжилттай болж, 740 эвлэрэл амжилтгүй болсон байна.

Шүүхээс иргэний хэрэг үүсгэхээс өмнө шилжүүлсэн 70 нэхэмжлэлийн 58 эвлэрэл амжилттай болсон бол 2 эвлэрэл амжилтгүй болж, 10 хэргийн үлдэгдэлтэй байгаа болшүүхээс иргэний хэрэг үүсгэсний дараа шилжүүлсэн 69 иргэний хэргийн 22 хэрэгт нь эвлэрэл амжилттай болж, 28 хэрэгт эвлэрэл амжилтгүй болсон бол 19 хэргийн үлдэгдэлтэй байна.

Эвлэрүүлэн зуучлагчид гаргасан өргөдлөөр шийдвэрлэсэн нийт 1639 өргөдлийн 780 буюу 47.5 хувь нь иргэний эрх зүйн маргаан, 49 буюу 2.9 хувь нь хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан, 810 буюу 49.6 хувь нь гэр бүлийн эрх зүйн маргаан байна.

Иргэний эрх зүйн маргаанд 679 буюу 87 хувьд нь эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилттай, 101 буюу 13 хувьд нь эвлэрэл амжилтгүй, хөдөлмөрийн ганцаарчилсан маргаанд 34 буюу 69.3 хувьд нь эвлэрэл амжилттай, 15 буюу 31.7 хувьд эвлэрэл амжилтгүй явагдсан бол гэр бүлийн эрх зүйн маргаанд 186 буюу 22.9 хувьд эвлэрэл амжилттай болж, 624 буюу 77.1 хувьд эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй явагдсан байна.

Иргэний хэргийн эвлэрүүлэн зуучлах ажиллагааны гэр бүлийн эрх зүйн маргаанд эвлэрэл хангалтгүй явагдаж байна. (23%) Үүний шалтгаант нөхцөлийг судалж үзвэл:

Гэрлэлтийн бүртгэлийн улсын дүнгээс харвал иргэдийн гэрлэлтээ батлуулсан байдал 2012 онд 2007 оныхоос даруй 4 дахин буурсан байна. 2007 оноос хойш энэ өсөлт 5 жилийн дотор огцом хурдтай буурсан нь гэрлэлт гэдэг ариун нандин холбоог эдийн засгийн хөшүүргээр шийдэх гэсэн төрийн буруу бодлогоос болж хөөс маягаар өссөн нь батлагдаж байна. Учир нь 2006 онд Монгол улсын засгийн газраас шинээр гэрлэсэн хосуудад 500 мянган төгрөгийн нэг удаагийн тэтгэлэг олгох шийдвэр гаргасан билээ.

Гэр бүл нь эд хөрөнгийн харилцаа болон эдийн бус амины харилцаан дээр тогтож байдаг. Эдийн бус амины харилцаа нь гэрлэгчид харилцан биебиенээ хайрлах, халамжлах, итгэлцэх, тэжээн тэтгэх эрх үүрэг байдаг. Гэр бүл амины харилцаагүйгээр зөвхөн эд хөрөнгийн харилцаан дээр оршин тогтнох аргагүй юм. Үүний нэг тод жишээ нь 2006 оны шинээр гэрлэсэн хосуудад өгөх 500 мянган төгрөгний халамжийн бодлого юм. Харин гэр бул цуцалсны бүртгэлийг сүүлийн 5 жилээр үзвэл:


2007 он

2008 он

2009 он

2010 он

2011 он

2012 он

Орон нутаг

569

618

925

1415

1489

946

Нийслэл

1165

1337

1531

1751

1902

1521

Нийт

1734

1955

2456

3165

3391

2467


Гэрлэлтийн байдал 2010 оноос буурсан байхад гэрлэлт цуцлалтын байдал эсрэгээрээ 2012 он талруугаа өсч байна. Энэ нь урьд хэлсэнчлэн эдийн засгийн зохиомол хөшүүргээр бий болгосон хуурамч гэрлэлтийн үр дүн аажмаар сарниж байна. Өөрөөр хэлбэл 2006 онд хэрэгжүүлж эхэлсэн 500 мянгын бодлого 2009 онд зогссон. Үүнээс хойш гэрлэлт эрс буурсан нь дээрх графикаас харагдана.

Эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар нийт 41 сая 690 мянга 709 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжаар татан төвлөруулсэн байна.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


Нийтэлсэн admin   Үзсэн: 1080   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд