23-08-2014, 14:42   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хурал боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар тутам зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа, Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Баттогтох нар оролцож мэдээлэл хийв. Шүүхийн сургалтын талаарх мэдээллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа танилцуулсан бөгөөд 2014 оны эхний 9 сарын байдлаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтныг дадлагажуулах мэргэшлийг нь дээшлүүлэх 18 удаагийн сургалтыг үндэсний болон олон улсын байгууллагуудын төсөл хөтөлбөрийн оролцоотой зохион байгуулж, давхацсан тоогоор 1087 шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд хамрагджээ. 


"Шүүх ба олон нийт” хөтөлбөр батлагдлаа.

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 114 тоот тогтоолоор батлагдсан "Шүүх ба олон нийт” хөтөлбөр нь шүүхийн үйлчилгээг ил тод нээлттэй болгох, олон нийтийн хяналтыг тогтоох нөхцлийг бүрдүүлэх, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг нэмэгдүүлэх ажлыг цогц нэгдсэн бодлоготой төлөвлөхөд чиглэгдсэн бөгөөд 2014-2016 оны хооронд хэрэгжих юм. Хөтөлбөрийн хүрээнд шүүхийн ил тод байдлыг хангах хүрээнд шүүх хуралдааны нээлттэй байдлын хүрээг нэмэгдүүлэх, шүүх шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд нээлттэй байлгах механизм тогтоох зорилт тавьжээ. Мөн шүүхэд олон нийтийн хяналтыг бий болгохын тулд шүүгчийн сонгон шалгаруулалтад олон нийтийн хяналтыг бий болгох, иргэдийн төлөөлөгчийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх, шийдвэрийг судалгааны эргэлтэнд оруулах ажлыг зохион байгуулахаар тусгасан байна. Тэгвэл шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэхийн тулд шүүгч ажилтны харилцааны шинэ хандлагыг төлөвшүүлэх, шүүхийн үйлчилгээний чанарын стандарт тогтоох, олон нийтийн санаа бодлыг тогтмол судалж, үйл ажиллагааны чиглэлийг тогтоож хэвших, шүүхийн үйлчилгээний эерэг үр дүнг бататгах олон нийтэд хүртээмжтэй арга хэлбэрээр сурталчлах, иргэдийн шүүхэд хандах эрхийг хангахад чиглэсэн цогц арга хэмжээг хэрэгжүүлэх зорилт тавьсан байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр шүүхийн үйл ажиллагаа ил тод, нээлттэй болно. Мөн шүүхийн үйл ажиллагаанд олон нийтийн хяналтын тогтолцоо бүрдэх бөгөөд шүүхэд итгэх олон нийтийн итгэл дээшлэх юм байна.


Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны хоёрдугаар шүүх мэдээлэл хийв.

Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Г.Баттогтох 2014 оны эхний 9 сарын шүүн таслах ажиллагааны талаар болон олны анхаарлыг татсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээллээ.Цаашдаа сар бүрийн "Нээлттэй шүүх" хэвлэлийн бага хуралд шүүхүүдийн шүүн таслах ажиллагааны талаархи тайлан мэдээг тогтмол хүргэж байх бөгөөд ирэх сард Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхээс мэдээлэл хийнэ.


 
Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийтэлсэн admin   Үзсэн: 1439   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст