7-05-2024, 16:17   Хэсэг: Шүүхийн шийдвэрийн тойм   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн шийдвэрийн тойм

Шүүхийн шийдвэрийн тойм: 2024.05.13

Шийтгэвэр: 2024.04.12, Дугаар 2024/ЗШ/198

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон

Санамж: Энэхүү шийдвэр нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын Хархорин сумын Сум дундын Цагдаагийн хэлтсээс холбогдогч И.Ж-д холбогдох зөрчлийн хэргийг шүүхэд шилжүүлсэн.

Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а-д Жолооч тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар хамтарсан тушаалаар баталсан Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2.5-д зааснаар …шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль /%/ хувь, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль хувь илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ.

Зөрчлийн тухай хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино.

Зөрчлийн тухай хуулийн 2.1-д зааснаар Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ.

Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д жолооч согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулахаар хуульчилсан.

Хуульд зааснаар холбогдогч нь өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах эрхтэй бөгөөд шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцсон.

Холбогдогч И.Ж нь Хужирт сумын нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Приус-40 маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргасан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул холбогдогч И.Ж-г согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг гаргасанд тооцож Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 400 /дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэв.

Зөрчлийн тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдогч шүүхээс оногдуулсан торгох шийтгэлийг хуулиар тогтоосон хугацаанд биелүүлвэл шийтгэлийн хэмжээг 50 хувиар хөнгөрүүлэх, биелүүлээгүй бол эрх бүхий албан тушаалтны саналаар шүүх баривчлах шийтгэлээр солихыг мэдэгдэв.

Хураангуйг бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаа
Нийтэлсэн admin   Үзсэн: 183   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст