Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн ил тод, нээлттэй байдал болон үйлчилгээний талаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс 423 дугаар нээлттэй хаалттай хорих ангийн тоо бүртгэлийн байцаагч, ахмад Б.Амарбаясгалантай ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө танд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэнд хүргэе?
-Баярлалаа. Та бүхэнд ч гэсэн Хууль зүйн салбар үүсэж хөгжсөний 110 жил, төрийн цэргийн ууган байгууллагуудын нэг болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
-Та Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хэддэх жилдээ ажиллаж байна вэ?
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 9 дэх жилдээ, Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид 8 дахь жилдээ ажиллаж байна.
-Сүүлийн үед коронавирусын тархалт их байгаагаас шалтгаалан шүүх хуралдааныг онлайнаар хийх болсон. Үүнтэй холбогдуулан санал бодол? Онлайнаар шүүх хуралдаанд оролцож байгаагийн сул болон давуу талын талаар өөрийн бодлоо хэлнэ үү?
-Сүүлийн 2 жилийн хугацаанд дэлхий дахинд энэхүү айхтар өвчин тархаад байгаа. Энэ амаргүй цаг хугацаанд бид төрийн ажлыг цалгардуулахгүй, тасралтгүй явуулах ёстой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2021 онд дэвшүүлсэн зорилтод "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлэх” гэсэн зорилт орсон. Үүний дагуу бид хамтран ажиллагч байгууллага, иргэдтэй аль болох техник технологийн дэвшлийг ашиглан онлайнаар үйлчилгээ явуулж байна.
Шүүх хуралдааны хувьд онлайнаар хийх болсон нь цар тахлын үед бид бүхний болон хоригдол, хоригдогсдын аюулгүй байдал, халдвар хамгаалал, цаашлаад цаг хугацаа хэмнэхийн хувьд ч сайнаар нөлөөлж байна.
-Тус хорих ангиас хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоох шүүх хуралдааныг цахим хэлбэрээр хийхэд хоёр байгууллага цаашид ямар асуудалд анхаарах шаардлагатай гэж та бодож байна вэ? Хэдэн шүүх хуралдаанд онлайнаар оролцож байна вэ?
- Миний хувьд шүүх хуралдаанд 2021 онд нийт 14 удаа оролцсон. Одоогийн явуулж байгаа цахим хуралдаан үр дүнтэй болж байгаа. Хорих ялаас хугацааны өмнө суллахад бид бүхэн тухайн хоригдлыг өөр орон нутагт зорчих тохиолдолд унаанд нь суулгаж өгөх, ар гэрт нь хүлээлгэн өгөх ажлын шаардлага гардаг. Иймд шүүх хуралдааны товын хувьд 5-6 хоногийн өмнө бидэнд мэдэгдвэл тухайн суллагдсан этгээдүүдийг аюулгүй баталгаатай зорчуулах, ар гэрт хүлээлгэн өгөх бэлтгэл ажил сайтар хангагдсан байх болов уу.
-Шүүхийн өөрчлөлт, шинэчлэл, үйлчилгээний талаарх сэтгэгдлээ хуваалцана уу?
Шүүхийн өөрчлөлт, шинэчлэлтийн хувьд нэлээдгүй өөрчлөлт байгаа. Үүнээс онцолбол шүүх хуралдааныг технологийн дэвшлийг ашиглан онлайнаар зохион байгуулж, шүүхийн мэдээлэл нээлттэй, ил тод болсон зэргийг дурьдаж болно.
-Таньд баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.
-Баярлалаа.