Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-09-2020, 05:05   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Ж.Мөнхтуяатай уулзаж ярилцлаа.

 http://www.kharkhorincourt.gov.mn/file2020/medee/09-23.jpg     Сайн байна уу. Таньд энэ өдрийн мэндийг хүргэе.

     Сайн байна уу. Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе

 

     Иргэд ямар тохиолдолд шүүхэд хандаж, хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх вэ?

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлд "Монгол улсын хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж байгаа аливаа этгээд уг эрхээ хамгаалуулахаар шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргах эрхтэй” хэмээн заасан байдаг. Гэмт хэрэг, нийгмийн хэв журам зөрчсөнтэй холбоотой асуудлаар цагдаагийн байгууллагад, төрийн захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар тухайн байгууллага, албан тушаалтныг шууд харъяалах байгууллагад, эсхүл захиргааны хэргийн шүүхэд, харин иргэн хоорондын эдийн болон эдийн бус баялагтай холбоотой асуудлаар иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл, хүсэлт, гомдол гаргана. Тодруулбал: Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох болон тэтгэлэг гаргуулах, бүх төрлийн гэрээний маргаан, хариуцагчийг эрэн сурвалжлуулах, ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн болон бусад эрх олгосон баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох, хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, хамтран амьдарч байсан болон амьдарч байгааг тогтоолгох зэрэг асуудлаар иргэний хэргийн шүүхэд хандах эрхтэй.

 

     Шүүхэд хандахдаа бүрдүүлэх материал болон анхаарах зүйлсийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг манай уншигчдад хүргэхгүй юу.

     Нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа нь маш чухал бөгөөд нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргах тухай ойлголт нь хариуцагч, нэхэмжлэгчийн оршин суугаа газрын шүүх, нэхэмжлэгчийн сонгон авсан, шүүхийн онцгой харьяалал гэсэн төрөлтэй байдаг. Хэрэв та хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд нэхэмжлэл гаргахаар болсон тохиолдолд хариуцагчийн албан ёсны хаягыг бичих шаардлагатай. Шүүх таны нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэний дараа хариуцагчийн хаягаар шүүхийн мэдэгдэх хуудсыг шуудангаар явуулдаг.

     Хэрэв хариуцагч нь хаяг дээрээ байхгүй бол хаяг дээрээ байдаггүй гэсэн тухайн дүүргийн засаг даргын тодорхойлолтыг шүүхэд ирүүлэх бөгөөд шүүх таны нэхэмжлэлийг хариуцагчид гардуулах ажиллагааг хийх боломжгүй болж хариуцагч хаяг дээрээ байхгүй байна гэж үзэннэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаана.

     Нэхэмжлэлд хариуцагчтай холбоотой мэдээллийг үнэн зөв бөглөхөөс хамааран шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагаа саадгүй, түргэн шуурхай ажиллах ажиллагааны үндэс нь болох бөгөөд шүүхээс хариуцагчийг нэхэмжлэлд дурдсан хаяг, утсаар нь дуудаж нэхэмжлэлийг гардуулдаг. Хариуцагчийн хаяг, утас нь тодорхой бус байвал шүүх хүлээн авахаас татгалзах үндэслэл болох тул хариуцагчийн хаяг, утсыг нь тодорхой тусгаж өгөх нь нэн чухал асуудал юм.

     Нэхэмжлэлийн шаардлага үндэслэл, түүнийг нотолсон баримт, нэхэмжлэлийн үнэ, өөрөөр хэлбэл юу нэхэмжилж байгаагаа, ямар нотлох баримт бүрдүүлсэн, хэчнээн төгрөг нэхэмжилж байгааг тодорхой бичсэн байх, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /Улсын тэмдэгтийн хураамж гэдэг нь шүүх таны хэрэг маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээний хөлсийг ойлгоно/ зэргийг хавсаргана. Улсын тэмдэгтийн хураамжийг бодохдоо нэхэмжилж байгаа үнийн дүнгээсээ бодож төлөх ба www.shuukh.mn гэсэн хаягаар орж хэдэн төгрөгийн тэмдэгтийн хураамж төлөхийг бодож болно. Харин үнийн дүн нь тодорхойлох боломжгүй /хариуцагчийг эрэн сурвалжлуулах, ажиллаж байсан байдлаа тогтоолгох, хөдөлмөрийн дэвтрийн болон бусад эрх олгосон баримт бичгийн эзэмшигчээр тогтоолгох, хүүхэд үрчлэлтийг хүчингүйд тооцуулах, хамтран амьдарч байсан болон амьдарч байгааг тогтоолгох/ нэхэмжлэлд хуульд зааснаар 70.200 төгрөгийг төлөхөөр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулиар зохицуулсан байдаг.

     Мөн иргэдийн анхаарвал зохих асуудлуудын нэг бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар иргэн шүүхэд нэхэмжлэл гаргасан тохиолдолд нотлох баримтыг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хэрэв нотлох баримтыг тухайн нэхэмжлэгч өөрөө олж авах боломжгүй байгаа тохиолдолд шүүхэд хүсэлт гаргаж, шүүгчийн захирамжийн дагуу байгууллага, хувь хүнээс гаргуулан авах боломжтой.

 

      Иргэн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа юуг илүү анхаарвал зохих вэ?

     Дээрх асуудлаас гадна шүүхэд нэхэмжлэлд хавсаргасан баримт бичгийн эх хувь буюу эх хувиар нь өгөх боломгүй бол нотариатаар батлуулсан байх шаардлагатай.

     Харин төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын "хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна.

 

     Ярилцсанд баярлалаа. Таньд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Н.Мөнхнасан


Нийтэлсэн admin   Үзсэн: 42   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Шүүхийн шийдвэрийн цахим сан

      Иргэн таньд
      Авлигын талаарх гомдол мэдээлэл өгөх
      Шүүхийн ёс зүйн хороо
      Бидэнтэй нэгдээрэй
        |  
      «    Аравдугаар сар 2020    »
      ДаМяЛхаПүБаБямНям
       1234
      567891011
      12131415161718
      19202122232425
      262728293031