1-09-2015, 10:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Дагнасан шүүхтэй болж байгаа учир манай өмгөөлөгчид ч бас дагнаж тодорхой төрлөөрөө илүү мэргэших ёстой

Дагнасан шүүхтэй болж байгаа учир манай өмгөөлөгчид ч бас дагнаж тодорхой төрлөөрөө илүү мэргэших ёстой

Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулга саяхан батлагдлаа. 2015 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн Шүүхийн шинэ зохион байгуулалт руу шилжиж байна. Та энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч.


- 2015 оны 6 дугаар сарын 19-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар баталсан. Өчигдөр 6 сарын 25-нд эцсийн найруулгыг сонссон. Ингээд 7 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. 

 

Энэ хууль батлагдсанаараа иргэдийн амьдралд ойр дөхөм болсон тал юу байна? Өмнөх хуулиасаа юугаараа илүү ялгаатай болов?


- 2013 оны Шүүх байгуулагдах тухай хуулийн зарим зүйл заалт нь Монгол улсын Үндсэн хуульд нийцэхгүй байна гэсэн шийдвэрийг Үндсэн хуулийн Цэц гаргасан. Цэцийн шийдвэртэй холбогдуулаад шүүхийн тогтолцоо бүтэц зохион байгуулалтын хувьд зарим өөрчлөлтийг хийх хуулийн төслийг боловсруулаад Ерөнхийлөгч, УИХ-д өргөн бариад батлагдаад явж байна. Үүнд гол өөрчлөгдсөн таван зүйл байгаа. Нэгдүгээрт: Шүүхийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн зохион байгуулалтад уялдуулж хийх ёстой гэсэн цэцийн дүгнэлтийн дагуу зарим өөрчлөлт орж байгаа. Тухайлбал, Сум дундын шүүх буюу анхан шатны шүүхийн түвшинд зарим нутаг дэвсгэрийн харьяаллыг хоёр аймгийн сумдын гэж хамруулах байдлаар Тойргийн систем ашигласан. Жишээ нь, Налайх буюу одоогийн 4 дүгээр шүүх дээр Төв аймгийн Эрдэнэ сумыг оруулсан байсан. Одоогийн шинэ хуулиар Эрдэнэ сум Төв аймгийн Сум дундын шүүх рүү очно. Сэлэнгэ аймгийн Мандал сум нь Төв аймгийн зарим сумдыг хамруулсан байсан. Хархорин бас нэг сумыг хамруулсан байх жишээтэй. Эдгээр нь бүгд Төв аймаг дээр очно. Дээр нь Хэнтий аймгийн Бор-Өндөр, Говьсүмбэр аймгийн зарим шүүх Дундговь, Дорноговь нь аймаг аймгийн Сум дундын шүүх рүү буцаж очиж байгаа. Энэ бол нэг дэх өөрчлөлт юм. Хоёрдугаарт: Булган, Сэлэнгэ аймагт Захиргааны хэргийн шүүх байхгүй байсан. Орхон, Дархан-Уул аймагтай хамт байсан бол одоо энэ хуулиараа Булган аймагт, Сэлэнгэ аймагт шинээр Захиргааны хэргийн шүүх байгуулагдаж байна. Гуравдугаарт: Аймгийн шүүх гэж байж байгаад дараа нь Тойргийн системээр Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгууд хамтдаа 1 дүгээр тойрог болж, Давж заалдах шатны Иргэний, Эрүүгийн шүүх гэж байгуулагдсан байсан. Энэ байдалд иргэд олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэлтэй хандаж ирсэн байсан. Тухайлбал, Хэнтий, Сүхбаатар аймагт амьдарч байгаа иргэд Давж заалдах журмаар гомдлоо гаргах бол шүүх хурал нь Дорнод аймгийн Хэрлэн суманд очиж оролцох шаардлагатай болсон. Баруун аймгийн хувьд гэвэл Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэд Ховд аймаг руу 200 гаруй км явах ийм асуудал гардаг. Энэ байдлын талаар Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрт дурдсан байсан учир энэ алдааг зассан л даа. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Давж заалдах шатны Иргэний, Эрүүгийн хэргийн шүүх гэж нэршлийн хувьд үндсэндээ өөрчлөгдөж байгаа.Дөрөвдүгээрт: Түүнээс гадна агуулгын хувьд бас өөрчлөгдөж байгааг хэлэх хэрэгтэй. Шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр Давж заалдах шатны шүүх хуралдааныг тухайн аймагт нь хийж болохоор зохицуулалтыг хийж өгсөн нь шүүгч томилолтоор ажиллах асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл батлахаар болж байна. Энэ зохицуулалтын үндсэн дээр Шүүх иргэдээсээ холдлоо гэсэн шүүмж үндсэндээ байхгүй болж байна. Өөрийнхөө оршин суугаа аймгийн шүүхэд хандаж, хэргээ шийдвэрлүүлсэн зарим иргэдийн хувьд дахиад аймагтаа Давж заалдах сонирхолгүй тохилдлууд мэр сэр гардаг. Шүүгч нар нь нэг байранд байдаг, хамтдаа сууж байдгаас үүдэн итгэх итгэл нь алдарсан иргэдийн хувьд өөр хөндлөнгийн шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх хүсэлтэй бол тэр асуудлыг илүү бололцоотой, нээлттэй болгож өгсөн. Ийм тохиолдолд хэргийн оролцогч хүсвэл өөр аймгийн шүүхэд хандаж болно. Хэнтий аймгийн иргэн Дорнод аймагт очиж, шүүх хуралдааныг хийлгэх бололцоотой болсон гэсэн үг. Өөрөөр хэлбэл, иргэдийн аль аль талыг нь хангаж өгсөн гэж хэлж болно. Түүнээс гадна дүүргийн шүүхүүдийн хувьд бас тодорхой өөрчлөлтүүд орсон. Ер нь дүүргийн хэмжээнд иргэдийн гомдол, санал харьцангүй гайгүй байдаг. Иргэний шүүхийг дагнуулаад Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Шүүх гэж байгуулж, иргэний 2 дугаар шүүх гэж байсан бол Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн нэршлээр нэрлэгдэх болсон энэ системийг хэвээр авч үлдсэн. Шүүхүүдийн нэрийг дугаарладаг байсныг болиулж, дүүрэг дүүргийн нэрээр нь нэрлэхээр болсон байгаа. Бүтэц зохион байгуулалтын хувьд өөр том өөрчлөлт байхгүй. Байр савны хувьд заавал дүүрэг болгон дээр шүүхийн байр байх шаардлагагүй. Аль нэг дүүрэг дээр шүүхийн байр байж болно. 2012 оны Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон Улаанбаатар хотын хувьд баруун, зүүн хоёр талдаа Шүүхийн ордонтой болох бодлогыг баримталж, хуучин бодлогыг хэвээр авч үлдсэн байгаа нь дөрөв дэх өөрчлөлтийн нэг хэсэг юм. Тавдугаарт: Бас нэг чухал өөрчлөлт бол дугаарлахаас татгалзсан явдал. Энэ дугаарлалт нь иргэдэд их хүндрэлтэй байсан учир зөвхөн дүүргийнх гэлтгүй засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийнх нь нэрээр нэрлэхээр болсон. Гол том өөрчлөлт нь Сум дундын нийт 29 шүүх байдаг. Эдгээр 29 шүүхүүдийн 21 нь аймгийн төв дээр байрласан байдаг. Аймгийн төвд байгаа 21 шүүхийг Сум дундын Иргэний хэргийн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж хоёр хуваасан. Хэргийн төрлөөр нь хоёр дагнасан шүүх болгосон байгаа. Энэ хуулийн нэг том бодлогын өөрчлөлт нь хуучин зөвхөн Улаанбаатар хотод дүүргийн хэмжээнд дагнасан шүүхтэй байсан бол Монгол улсын хэмжээнд ихэнх анхан шатны шүүхийг Эрүүгийн, Иргэний гэж дагнасан шүүхтэй болгож байгаа явдал нь хамгийн том бодлогын өөрчлөлт, шинэчлэлт гэж ойлгож болно. Харин хамрах хүрээ бага, сум дээр байрладаг Сум дундын 8 шүүх бий. Тухайлбал, Ховдын Булган, Завханы Тосонцэнгэл, Өвөрхангайн Хархорин, Өмнөговийн Ханбогд, Хэнтийн Бор-өндөр, Дорноговийн Замын-Үүд, Сэлэнгэ аймгийн Сайхан, Мандал сумууд хэвээр үлдэж байгаа. Эрүүгийн хэргээ ч шийднэ, иргэний хэргээ ч шийднэ. Эдгээрийг дагнасан шүүхийн тоонд оруулна гэхээр шүүгчийн тоо, эдийн засгийн хувьд асуудалтай байгаа учраас хэвээр үлдээсэн. Өмгөөлөгч нар бас дагнасан байдаг учир Шүүхийг дагнасан болгох шаардлага бий болж байна. Бүх аймаг Захиргааны шүүхтэй болчихлоо. Дээр нь бүх аймаг Иргэний, Эрүүгийн дагнасан шүүхтэй боллоо. Ингээд Монгол Улсын Үндсэн хуулийн 48 дугаар зүйлд заасан "...Шүүхийн үндсэн тогтолцоо нь аймаг, нийслэл, сум, сум дунд, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд дагнасан шүүхийг байгуулж болно...” гэж заасан. Өөрөөр хэлбэл эрүү, иргэн, захиргааны чиглэлээр гэж заасан байдаг.

 

 

Үндсэн хуулиа зөрчлөө гэх яриа гадуур их тархсан байсан. Тэр алдаагаа маш хурдан зассан гэж ойлгож болох уу?


- Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан. Энэ алдаануудаа маш хурдан зассан. Гэхдээ бүрэн засагдаагүй гэх зарим нэг шүүмжлэл ч бас бий. Хэлбэрийн хувьд засаагүй ч гэсэн агуулгын хувьд их зассан. Тухайлбал, Давж заалдах шатны шүүх дээр бид хэдийгээр тойргийн шүүхийн системтэй төстэй хадгалж үлдсэн ч гэсэн агуулга нь бүрэн өөрчлөгдсөн. Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн шүүх бол гурван аймаг дээр зэрэг байж байна. Иргэд аль ч шүүхэд хандаж, маргаанаа шийдвэрлүүлж болохоор болсон. Асуудал байхгүй гэсэн үг. Бид үүнийг бас өөрөөр хармаар байгаа юм. Эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн аймаг болгон дээр Давж заалдах шатны шүүх байгуулах нь үр ашиггүй төдийгүй ачаалал ч багатай байдаг. Зарим үед жилийн хугацаанд нэг шүүхэд 20 орчим хэрэг л оногдож байгаа нь эдийн засгийн хувьд зохимжгүй гэдэг нь ч бас харагдаж байна. Тойргийн системийг томосгоод нэг шүүгчид оногдох ачаалалыг нэмэгдүүлж, аймаг болгон дээр хүрч ажилладаг ийм зүйл рүү л орох гээд байгаа юм.

 

 

Хуучин тойргийн системээр байхад хэргийн оролцогч нутаг дэвсгэрийн хол ойр, замын зардал, мөнгөнөөс үүдэн шүүх хуралдаа очиж амжихгүй байх тохиолдлууд ч гарч байсан байх. Шинэ хуулиар иргэдийн сонголтыг нээлттэй болгож, зарим тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан өөр аймагт давж заалдах боломжийг бий болгосныг сонсоход таатай байна. Та бас цагтаа өмгөөлөгчөөр ажиллаж байсан хүн. Энэ үеэ эргэж нэг дурсвал манай сэтгүүлийн уншигчдад сонин байх болов уу?


- Би анх 1996 онд өмгөөллийн эрх авч байлаа. Өөрөөр хэлбэл, 2014 оны 3 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд ирэх хүртлээ өмгөөлөгчөөр ажилласан л даа. Шүүхийг бол дандаа гаднаас нь харж үйлчлүүлж байсан. Шүүх дээр ямар асуудлыг яаж өөрчлөх вэ? гэж их бодож байсан. Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй. Шүүгчийн хараат бус байдал, бие даасан байдлыг хангах нөгөө талаас Шүүхийн тамгын газар нь хэргийн оролцогч нарт үйлчилдэг үйлчилгээний байгууллага гэсэн хатуу итгэлтэй байна. Манай шүүхийн тамгийн газар бол үйлчилгээний байгуулллага гэдэг хандлага руу шилжих ёстой. Нөгөө талаас бид үйлчилгээний байгууллага байж сурах хэрэгтэй болж байгаа. Хэргийн оролцогч нартай хүндэтгэлтэй харьцаж сурах, шүүхийн олон нийтэд үйлчилдэг үйлчилгээний стандарт мөрдүүлэх гэх зэрэг олон ажил төлөвлөж байна. Өмгөөлөгч хүний хувьд шүүгч нар яаж хараат бус, бие даасан байдалтай байх вэ? гэдгийг анхаарч байгаа. Анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх, хяналтын шатны шүүгч нар яаж тус тусдаа бие даасан байх уу? гэдэгт анхаарч байгаа. Энэ байдлыг хангахын тулд л ажиллах ёстой гэж бодож байгаа. Бие даасан, хараат бус байдал гэдэгт дандаа эдийн засгийн хараат бус гэдгийг бодож болохгүй. Энэ бол шүүгчийн мэдлэгийн хараат бус байдлыг мөн бодох хэрэгтэй. Харилцаа албаны хараат бус байдлыг хангах, Шүүх хуралдааныг явуулж байхад хараат бус байхаас гадна талуудад тэгш хандах тийм зан төлөвтэй болох асуудалд бид анхаарах ёстой. Шүүхийн бие даасан байдлын хувьд Анхан шатны шүүх, Давж заалдах шатны шүүх, Хяналтын шатны шүүх гэсэн тус тусдаа энэ шүүхүүд бүгд бие даасан байдалтай байх ёстой. Давж заалдах шатны шүүх нь анхан шатаа, Дээд шүүх нь давах шатны шүүхээ удирдан чиглүүлдэг байсан хуучин арга барилаас одоо салах хэрэгтэй. Анхан шатны шүүх Давах руу хэргээ бариад гүйж болохгүй. Өмнө нь мэргэжил арга зүйгээр хангадаг байсан энэ байдлаас гарах хэрэгтэй.

 

 

Шүүх байгуулах тухай хууль батлагдчихлаа. Одоо өмгөөлөгчид юун дээр илүү анхаарах ёстой гэж та бодож байна?


- Өмгөөлөгч нар эхлээд хуультайгаа сайн танилцах хэрэгтэй. Нэршлүүд нь өөр болсноос үүдэн албан бичиг бүх зүйл цаасан дээр явагддаг учир эхний ээлжинд шүүхийнхээ нэрийг зөв бичихээс эхлээд сайн анхаарах хэрэгтэй байх. Хоёрдугаарт, шинэ хуулийн боломжийг сайн ашиглах хэрэгтэй. Дагнасан шүүхтэй болж байгаа учир манай өмгөөлөгчид ч бас дагнаж, тодорхой төрлөөрөө илүү мэргэших ёстой гэж бодож байна. Түүнээс гадна Давж заалдах шатны шүүхэд өргөдөл, гомдол гаргахдаа ялангуяа орон нутгийн түвшинд хуулийн боломжийг ашиглаад шүүх хуралдаанд хэргийн оролцогч нартаа оролцох боломж тааламжтай газар сонгодог байх хэрэгтэй. Шүүх хуралдаан болох газрыг хэргийн оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэж байгаа болохоор сонгох хүсэлтийг сайн зөв бичих хэрэгтэй. Дээр нь давж заалдах шатны шүүхийн шүүгч нар хол газраас томилолтоор ирж хуралдааныг хийдэг. Хуралдааны товыг тогтоох асуудал дээр аль болох цаг заваа зөв зохицуулж, оновчтой төлөвлөхгүй бол шүүх хуралдаан хойшлох юм бол эдийн засгийн хувьд ч тэр хэцүү гэдгийг бас тооцоолох хэрэгтэй болов уу.

 

 

Жижиг сажиг зүйл мэт санагдаж болох ч гэлээ хүний хувь тавиланг шийдэж байгаагийнхаа хувьд өмгөөлөгчид маань таны саяны хэлснийг ажил амьдралдаа хэрэгжүүлэх нь дамжиггүй. Шүүх ямар ч байсан иргэд олон түмэндээ ойртож, үйлчилгээний байгууллага болохыг төлөө шинэчлэгдэж байгааг дуулахад их сайхан байна. Танд сүүлийг асуултыг нээлттэй үлдээе гэж бодлоо?

 

- Өмгөөлөгчдйин хувьд хэргийн хөдөлгөөн буюу анх өргөдөл гомдлоо гаргаад, хэрэг үүсгээд, захирамж гаргаад, тэрний дараах ажиллагаанууд байна л даа. Нөгөө талдаа хүргүүлэх, мэдэгдэх, тов зарлах, шүүх хуралдааны хийх, шийдвэрээ гаргах, гардуулах үйл ажиллагаанд Шүүхийн тамгын газар нэлээд үүрэгтэй ажилладаг. Хэргийн хөдөлгөөнтэй холбоотой ямар санал байна тэрийгээ хэлдэг, ялангуяа Монголын Өмгөөлөгчдийн Холбоогоор дамжуулаад Тамгын газруудтай тодорхой хэмжээгээр хамтран ажиллах боломжтой. Тамгын газар бол шүүн таслах ажиллагаанд орохгүйгээр шүүхийн захиргааг удирддаг байгууллага. Шүүхийн шинэтгэлийн багц хуулиар орж ирсэн бодлогын чанартай өөрчлөлт нь энэ байгаа юм. Шүүх тусдаа, шүүхийн тамгын газар тусдаа, шүүхээс харьцангүй бие даасан байгууллага учир хүсэлтээ тавиад ялангуяа хэргийг яаж богино хугацаанд үр ашигтай шийдэх вэ? гэдэг дээр хамтран ажиллах бүрэн бололцоотой. Энэ боломжоо өмгөөлөгч нар ашиглаасай гэж хүсэж байна. Яаж ашиглах вэ? гэхээр Шүүхийн тамгын газрууд ялангуяа шүүх дээр ирж үйлчилгээ авдаг, тэр дундаа манай өмгөөлөгч нар их байгаа. Прокурор нартай улиралдаа нэг удаа уулзалт хийдэг, түүнд өмгөөлөгч нар идэвхтэй оролцож, ийм зүйл дээр анхаараасай гэж хүсэж байна. Бид Улаанбаатар хотын Иргэний, Захиргааны, Эрүүгийн хэргийн шүүхийн тамгын газар дээр уулзалт хийе гэж бодож байгаа. Тухайн үед өмгөөлөгчдөд зараар хүргэнэ. Бидний хооронд ямар асуудал байна. Ямар үйлчилгээ авмаар байна. Хэргийг шийдэхэд Шүүхийн тамгын газрын зүгээс ямар туслалцаа хэрэгтэй байна. Хэрэгт нөлөөлөх байдлаас биш, яг хэргийнхээ процессын хуулийн дагуу хэвийн үйл ажиллагаа явуулах үүднээс ямар шаардлага байна. Энэ талаар чөлөөтэй ярилцаж, бид хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй. Сүүлийн жил гаруй хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс явуулсан нэг бодлого бол Шүүхийг аль болох нээлттэй, ил тод, олон нийтийн хяналтад оруулах, ийм л бодлого баримталж ажиллаж байна. Үүнд манай өмгөөлөгчдийн үүрэг, оролцоо их чухал байгааг хэлье гэж бодсон юм.

 

Сэтгүүлч М.Эрдэнэчимэг

Эх сурвалж: "Өмгөөлөгч" эрх зүйн онол, практикийн аргачилсан сэтгүүл 2015 №08 /67/


Нийтэлсэн admin   Үзсэн: 685   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд