27-09-2021, 10:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БНХАУ-ЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦООТОЙ ТАНИЛЦАХ, ТУРШЛАГА СУДЛАХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

      Шүүхийн ерөнхий зөвлөл, БНХАУ-ын Ардын дээд шүүхийн дэргэдэх Үндэсний шүүгчдийн коллежийн хамтарсан 11 дэх удаагийн "БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцах, туршлага судлах” сургалт өнөөдөр /2021.09.27/ цахимаар эхэллээ.

    Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас шалтгаалж энэ удаагийн сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа бөгөөд хоёр орны иргэдийн зорчих хөдөлгөөн идэвхжихэд сургалтад оролцогчид БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой биечлэн танилцах юм.

     Хоёр орны шүүхийн байгууллагын хамтын ажиллагаа, уламжлалт сургалтын үр дүнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр нээлтийн үеэр онцолж "Өнгөрсөн хугацаанд Монгол Улсаас нийт 282 шүүгч, шүүхийн захиргааны ажилтан БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцаж, туршлага судлан оюундаа хөрөнгө оруулалт хийлээ. Монгол Улсын шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын хүсэн хүлээдэг сургалт болсон бөгөөд жил ирэх бүрд оролцох хүсэлттэй хүмүүсийн тоо нэмэгдэж, сонгон шалгаруулалт өрсөлдөөнтэй болсон нь энэхүү сургалтын чанар, чансааг илтгэж байна” гэсэн юм. Мөн коронавируст халдварын цар тахлын амаргүй нөхцөл байдлыг туулж буй энэ үед харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй үргэлжилж байгаа нь хоёр орны шүүхийн байгууллагын хичээл зүтгэлийн илэрхийлэл гэдгийг тэрбээр дурдлаа.

 

 

      Коронавируст халдварын цар тахлын үеэр Монгол Улс тусламжийн гараа сунгасанд Хятадын ард түмэн талархаж байгааг БНХАУ-ын Ардын дээд шүүхийн хоёрдугаар зэрэглэлийн Их шүүгч Лиу Гуишиан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад уламжиллаа. Тэрбээр "Хоёр орны шүүхийн байгууллагын харилцаа цаашид улам бүр өргөжнө. БНХАУ-ын "Нэг бүс ба Нэг зам” бодлогын хүрээнд хэрэгжүүлж байгаа гадаад бодлоготой Та бүхэн танилцаж, шүүхийн тогтолцооноос туршлага судална гэдэгт итгэлтэй байна. Мөн сургалтад оролцож байгаа шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Та бүхнийг БНХАУ-ын тогтолцоотой биечлэн танилцаж, туршлага судлахыг уръя” гэсэн юм.

 

 

     Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ хэрэгжиж эхэлсэнтэй холбоотой Монгол Улсад шүүхийн шинэтгэлийг эрчимжүүлэхэд хамтран ажиллах, туршлага судлах шаардлагатай байгааг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар илэрхийлээд цаашид сургалтад оролцогчдын тоог нэмэгдүүлэх, сургалтын хөтөлбөрийг шинэчлэх саналтай байгаагаа онцоллоо.

      Энэ удаагийн сургалтаар БНХАУ-ын шүүхийн зохион байгуулалтын тогтолцоо, шүүгчийн систем болон мэдээлэл технологийн бүтээн байгуулалт сэдвээр оролцогчид мэдээлэл авч, туршлага судална. Мөн Олон улсын харилцаа ба "Нэг бүс ба Нэг зам” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй БНХАУ-ын гадаад бодлоготой танилцах юм.

 

   

      БНХАУ-ын шүүхийн тогтолцоотой танилцах, туршлага судлах сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд Монгол Улсын шүүхийн 13 шүүгч, шүүхийн захиргааны долоон ажилтан оролцож байна.

 

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар

Нийтэлсэн admin   Үзсэн: 282   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд