21-09-2021, 10:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ШҮҮХИЙН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТИЙН ХАРИЛЦАА” СУРГАЛТ БОЛЛОО


     Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2021.09.21/ анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулан "Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийтийн харилцаа” сургалт зохион байгууллаа.

 

     Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ олон улсын шүүх эрх мэдлийн байгууллагуудын олон нийттэй харилцахад тулгарч буй бэрхшээл, түүнийг даван туулах бодлого, зөвлөмж болон мэдээллийн сүлжээг хэрхэн ашигладаг, цаашдын чиг хандлагын талаар эхний хичээлээр мэдээллээ.

 

   

     Тэрбээр "Монгол Улсын шүүхийн нэр хүнд цаашид авах арга хэмжээ” сэдвийн хүрээнд нийгмийн хандлага, мэдээллийн урсгалын нөлөөг судалгаанд үндэслэж дурдаад, цаашид авах арга хэмжээний талаар онцолсон юм. Мөн шүүгч, захиргааны ажилтнууд нийгмийн цахим сүлжээг ашиглах арга замыг олон улсын туршлагатай харьцуулан сургалтад оролцогчидтой санал солилцов.

 

    Хэвлэлийн хүрээлэнгийн Сэтгүүлзүйн багш Ж.Оюунцэцэг мэдээлэл харилцаа, мэдээ бичих онолын анхан шатны мэдэгдэхүүн, олон нийттэй харилцах онол болон нийгмийн сүлжээгээр төрийн мэдээллийг хэрхэн зөв зохистой түгээх талаар онолын мэдлэг олгож, сургалтад оролцогчидтой мэдээлэл солилцлоо.

 

   

      Мөн мэдээ бичих, хэвлэлийн бага хурал зохион байгуулахад анхаарах зүйлсийн талаар  зөвлөгөө, мэдээлэл өгч шүүхийн захиргааны ажилтнуудын сонирхсон асуултад хариулав.

 

     Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газраас шүүхийн тамгын газрын дарга, олон нийттэй харилцах мэргэжилтнүүдэд зориулж жил бүр сургалт зохион байгуулдаг. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж энэ удаагийн сургалт танхим, цахим хосолсон хэлбэрээр боллоо.

 

    2020 онд зохион байгуулсан "Олон нийттэй харилцах, ил тод байдлыг хангах нь” цахим багц сургалтыг https://judcouncil.mn/site/news_full/10396 холбоосоор хүлээн авах боломжтой.

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 335   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд