19-03-2015, 15:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СГЗ, нэвтрүүлэгч Ж.Бямбаа: Шүүх бол иргэн хүний жийрхэж, зугатаах газар биш юм байна

Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон Соёлын Гавьяат Зүтгэлтэн, нэвтрүүлэгч Ж.Бямбаа гуай Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хагас өдрийн хугацааг өнгөрөөв. Хурлын товлосон цагаас хагас цагийн өмнө хүрэлцэн ирсэн олны танил нэвтрүүлэгч шүүх хурал эхлэхээс өмнө тангараг өргөж, эрх үүрэгтэйгээ танилцлаа. Айл бүрийн хойморьт дэлгэцээр залардаг Ж.Бямбаа нэвтрүүлэгчийн чихэнд танил дуу хоолой шүүх хуралдааны танхимд хүнгэнэх нь цаанаа л сүрдэм шүүхийн уур амьсгалыг зөөллөх мэт. Шүүх хуралдаанд оролцогчид гавьяатыг орж ирсэн цагаас нь хойш нүд салгалгүй үг, үйлдэл бүрийг нь ажиглаж байв. Шүүх хуралдааны завсарлагаанаар иргэдийн төлөөлөгч Ж.Бямбаатай шүүхийн үйлчилгээний талаар ярилцлаа.

 

- Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцлоо. Ямар сэтгэгдэл таньд төрж байна?

 

- Миний хувьд анх удаа анхан шатны шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцож байна. Шүүх хуралдаан хуулийн дагуу дэг, журмаараа явагдлаа. Оршин суугаа дүүргээсээ буюу Сонгинохайрхан, Баянгол, Хан- Уул дүүргийг харьяалдаг Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр 700 гаруй хүн сонгогдсоны нэг нь би. Шүүх хуралдаан дэгийн дагуу явж байна уу, шүүхийн үйл ажиллагаа хэр нээлттэй, ил тод байдаг юм, түүнд олон нийтийн хяналт хэр явж байна, иргэдийн эрх зүйн мэдлэгт нэмэртэй эсэхийг нь би шүүх хуралдаанд суухдаа иргэдийн төлөөлөгчийн хувьд ажиглалаа. Энэ бүхэн үнэхээр хуулийн дагуу хэрэгжиж чадаж байна гэсэн сэтгэгдэлтэй байна.

 

- Та өмнө нь шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлж, шүүх хуралдаанд оролцож байсан уу?

 

- Би өмнө нь шүүхийн байгууллагаар үйлчлүүлж байгаагүй л дээ. Хэдийгээр би хэрэгт түвэгт орооцолдож яваагүй ч гэсэн, Монгол улсын иргэн хүний хувьд шүүх "Монгол улсын нэрийн өмнөөс..."гэж шийдвэр гаргадаг,прокурор, цагдаагийн байгууллага төрийн нэрийн өмнөөс зүтгэдэгт асар хүндэтгэлтэй ханддаг, иргэний үүргээ ухамсарладаг. Шүүх бол иргэн хүний жийрхэж сүрдэж, зугатаах газар биш юм байна. Энд хүний амьдрал, хувь заяа шийдэгдэж байдаг. Шүүгдэгчийн гэм буруутайг тогтооход эргэлзээ байвал шүүгчид мэргэжил, ур чадвар, туршлагадаа тулгуурлан хуулийн дагуу шийдвэр гаргаж байна. Түүнд нь иргэдийн төлөөлөгчийн хувьд хуульд заагдсан эрх, үүргийн дагуу ямар оролцоотой байх вэ гэдгийг би сая эргэцүүлж суулаа. Хүний хувь заяаг шийдэж байгаа учраас тал бүрээс нь нягтлан судалж, шүүгч шийдвэрээ гаргахад иргэдийн төлөөлөгчийн оролцоо зайлшгүй хэрэгтэй болоод л иргэдийн төлөөлөгчөөр би сонгогдоод энд ирсэн гэж бодож байна.

 

Шүүх хуралдаан эхлэхийн өмнө та тангараг өргөлөө. Жаахан тэвдэх шиг болов уу? Тэр үед юу бодогдов?

 

- Тэвдсэн. /инээв/ Тангараг өргөсөн маань надад иргэн хүн хууль, шүүхийн өмнө ямар үүрэг, хариуцлага хүлээдэг юм бэ гэдгийг мэдрүүллээ.

 

- Та шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн байр сууринаас дүгнэлт хэлэхдээ "Залуу хүмүүс гэм буруугаа ухаараасай, ялыг нь хөнгөрүүлж үзээч" гэж хэллээ?

 

- Аливаа гэмт хэрэг үүсэхдээ чухам юунаас, яагаад үүдэв гэдэг чухал. Саяын хэрэг бол согтууруулах ундаа хэрэглэсэнхоёр сайхан залуу нэгнийхээ биед хүнд гэмтэл учруулсан эрүүгийн хэрэг байлаа. Залуу сайхан насандаа 3 хүүхдийн ээж болсон бүсгүй хүн тархиндаа хүнд гэмтэл авч хохирно гэдэг ямар сайн байхав. 21-хэн настай залуу нэг олдох насныхаа хэдэн жилийг чанга дэглэмтэй хорих ангид өнгөрүүлэхээр болно гэдэг төсөөлшгүй хүнд.Аль алиных нь гэм бурууг нягтлан үзэх, шүүн тунгаах гэж шүүгчид тал бүрээс нь шинжилж, өмгөөлөгчид нь эрх үүргийн дагуу өмгөөлж, улсын яллагч яллах дүгнэлт үйлдэж оролцож байна. Алив хэргийн мэргэн ончийг олох, дэнсийг атгаж байгаа шүүгчдийн ажил амаргүй гэдэг нь харагдаж байна. Би нэг л гэмт хэргийн хуралд суугаад гарч байна. Шүүгчид өдөр бүр маш олон ээдрээ, нугачаатай гэмт хэргүүдийг шүүж байгаа шүү дээ. Монголчууд архи бол идээний дээж гэдэг. Гэтэл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй энэ гэмт хэргээс харахад архи бол идээний дээж биш юм. Залуучууддаа хэлэхэд архи гэдэг идээнээс аль болох холуурхан тойроод явж байгаарай гэмээр байна.

 

Та улсын яллагчтай зэрэгцээд шүүгдэгчийн эгц өөдөөс хараад суусан. Хүний нүд гэдэг сэтгэлийн толь байдаг. Шүүгдэгчийг та сайтар ажиглаж суусан байх?

 

- 21 настай, бусдын биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгтээ чанга дэглэмтэй хорих ангид ял эдлэх гэж байгаа шүүгчдэгчийн яг эгц өөдөөс хараад сууж байхад олон зүйл ажиглагдлаа. Шүүхийн өмнө 7-р ангийн боловсролтой хирнээ бичиг үсэг мэдэхгүй гэж ярьж байгаа тэр залуу гэмт хэрэг үйлдэх үедээ архи уугаагүй байсан гэж хэлээд харц доогуур байгаа зэрэг нь надад үнэн ч юм шиг сэтгэгдэл төрүүлсэн.Гэм буруугүй хирнээ ийм ял эдлэнэ гэдэг...гээд уйлахад нь сэтгэл маш их эмзэглэж байлаа. Сэтгэхүйн хувьд энэ бүхнээс харахад шүүх, шүүхийн ажилтнуудын ажиллах орчин маш хүнд юм байна.

 

Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсоноо мэдсэний дараа таньд ямар хэргийн шүүх хуралд суух бол, хүн аминых битгий байгаасай гэх ч юм уу, болгоомжлол төрж байв уу?

 

- Би иргэдийн төлөөлөгчөөр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанд оролцож байгаагаа иргэн хүний хувьд үүргээ биелүүлж байна гэж үзэж байна. Гэхдээ хэрэг түвэг гэдэг янз бүрийн адармаатай. Хүн айж, цочиж сүрдмээр хүн амины хэргийн хуралд оролцох юм болов уу гэсэн сандрал надад байсныг нуухгүй. Яагаад гэвэл ямар ч төсөөлөлгүйгээр анх удаа шүүх хуралдаанд оролцох гэж байгаа учраас.

- Шүүгчдийн хэргийн оролцогчдод хандах хандлага, голыг нь олж асуух зэрэг ур чадвар таньд ямар санагдав?

 

Би 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй шүүх хуралдаанд оролцлоо. Шүүгчид хуулийн дагуу хурлын дэгийг нарийн чанд баримталж, яллагдагч, хохирогч тус бүрт эрх үүргийг нь нэг бүрчлэн танилцуулж байна. Тал бүрээс асууж байгаа асуулт нь яах аргагүй хүн журмын үүднээс хүнлэг хандаж байна. Хэдийгээр гэмт хэрэг үйлдээд шүүлгэж байгаа ч гэсэн тухайн хүнд хуулиар хамгаалагдсан эрх бий. Хүн бүхэн зүрх сэтгэлтэй. Шударга үнэний төлөөх цагаан сэтгэл бол харыгаа дандаа ялж явдаг.Гэм бурууг ялгаж байдаг шүүгч хүн нөгөө талаар их сайн сэтгэл судлаачид байдаг шиг санагдлаа. Эцсийн эцэст үнэн л ялдаг.Тийм учраас сайхан бүхэн хүн бүхний зүрх сэтгэлд гэрэлтэж явах болтугай гэж ерөөмөөр байна.

 

Дахиж таныг иргэдийн төлөөлөгчөөр дуудах хүртэл хувийн зүгээс та ямар бэлтгэл, мэдлэг хуримтлуулмаар санагдаж байна?

 

- Би уран бүтээлч хүний хувьд хүний сэтгэлийн нарийн эмзэг зүйлд нь анхаарч, дүгнэлтээ хэлэхдээ жаахан урт тайлбар хэлэх гээд байсан байх. Шүүгч надад анхааруулж, зөвхөн гэм буруутай, эсвэл гэм буруугүй байна гэдгийг л хэлэх хэрэгтэй гэж сануулсан. Гэхдээ миний хувьд яагаад ч юм иргэдийн төлөөлөгчийн зүгээс гэм буруутай, буруугүй гэж хэлээд гарахаасаа илүү нэг нь хориодхон насандаа эрүүл мэндээрээ хохироод, нөгөөх нь ялтан болж байхад насан туршдаа бодож санаж, ухаарч явмаар үгийг хэлмээр санагдсан л даа. Гэвч хууль бол хууль учраас би иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг хэлэх үүрэгтэй. Надад жилд нэг удаа шүүх хуралд оролцоно гэж шүүхээс хэлсэн учраас дахиж тийм ойрхон иргэдийн төлөөлөгчөөр оролцохгүй байх гэж бодож байна. Ер нь манай иргэд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, шударга ёсонд хувь нэмрээ оруулж, шүүхийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, иргэдийн төлөөлөгчөөр сонгогдвол идэвхтэй ирж байгаасай. Яагаад гэвэл нүдээр харж, чихээр сонсож, эндээс их үнэн бодитой мэдээлэлтэй гардаг юм байна.

Нийтэлсэн admin   Үзсэн: 1135   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд