12-03-2015, 17:59   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Тахарт талархах сэтгэгдэл шүүх дүүрэн байна

http://kharkhorincourt.gov.mn/file2015/12-1.jpgМонгол Улс "Тахар” гэгч байгууллагатай болоход хүн бүр гайхаж, нэрийг нь хүртэл гоочилж байсан цаг саяхан. Гэтэл энэ байгууллага шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэж, харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах, хэргийн оролцогчийг шүүхэд албадан ирүүлэх ажлыг жил гаруй хугацаанд хийхдээ ямар чухал байгууллага болохоо харуулж чаджээ.

 

Тахарын алба шүүхийн шүүн таслах ажиллагааг хэвийн явуулахад чухал үүрэг гүйцэтгэж, одоо бүтэц, зохион байгуулалт, удирдлага өөр ч шүүхийг Тахаргүйгээр төсөөлөхийн аргагүй болтол ажлын уялдаа холбоо нь бэхжиж, хөрсөндөө нутагшиж эхэлсэн нь шүүхийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх ажлын нэг том ололт гэж үзэхээр байна.

 

Өмнө нь Тахарын албаны ажлын чиг үүргийн зарим нь цагдаагийн байгууллагад хамаарагдаж, шүүх, шүүгчийн аюулгүй байдал бүр орхигдож, шүүх хуралдааны дэгийг шүүхийн тамгын газар өөрсдөө зохицуулж, хүн хүч шаардагдсан үедээ цагдаагаас тусламж авч, яллагдагч, ялтныг шүүхэд ирүүлэх, хүргэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагыг оролцуулах зэргээр хүч тарамдсан олон ажлыг Тахарын алба нэгтгэн зангидах болсон нь эрх зүйн шинэтгэлийн байгаа оносон зөв бодлого болжээ гэж шүүгчид үзэж байна.

 

 

Шүүх хуралдааны танхим төдийгүй шүүхийн жижигхэн байранд өрнөж буй үйл явдалд иргэд, хэргийн оролцогчдын сэтгэл хөдлөл олон янзаар илэрхийлэгдэж байдаг. Эрх зүйн соёл, ухамсрын төлөвшил, гомдол тэмцэл, маргааны мөн чанараас шалтгаалан нийгмийн төрөл бүрийн төлөөлөл зөрчигдсөн эрхээ хамгаалуулах гэж шүүхэд хандаж байгаа учраас "Монгол Улсын нэрийн өмнөөс..." гарч буй шүүхийн шийдвэрийг өөр өөрийн араншингаар хүлээн авдаг. Энэ бол хайрцаглаж болохгүй хүний эрх хэдий ч шүүх хуралдааны танхимд хуулиар тогтоосон дэг журамд захирагддаг. Тиймээс шүүхийг үл хүндэтгэж дуудсан цаг хугацаанд хүрэлцэн ирдэггүй, ирлээ ч гэрч, хохирогчдын болоод шүүгчийн аюулгүй байдалд заналхийлж, шүүн таслах ажиллагааны дэгийг зөрчих асуудлыг Тахарын алба зохицуулдаг болсноороо шүүхийн хэвийн ажиллагааг хангах, нөгөө талаар иргэдийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/12-2.jpg

Шүүхийн шийдвэр, шүүгчийн захирамжийн аль алинаар эрэн сурвалжлагдаад ч бараа сураггүй нөхдийг цагдаагийн байгууллагад олж ирэхийг даалгадаг ч, цагдаагийн дарга нарын цохолтоор олон шат дамжин элэгдэж, хэргийн хугацаа ч цаг их алддаг.Шүүхийн энэ ажлыг цагдаа нар албаныхаа завсар зайгаар амжуулдаг тул байсгээд л дуудлага, шуурхай авлаа гээд тогтохгүй гүйлдээд баригдана гэж үгүй. Эцэст нь гэрч, хохирогчийг хамгаалах, хэргийн холбогдогчийг албадан ирүүлэх ажил ийнхүү цалгардаж үлддэг зовлон шүүхийнхний нуруун дээр буудаг байв.

 

Тэгвэл сүүлийн нэг жилийн хугацаанд энэ тулгамдал мартагдсан дууль болон хувирсан нь Тахарын албаны гавьяа. Энэ алба байгуулагдан ажилласнаар, шүүх "эзэнтэй айл" шиг аюулгүй байдлаа баталгаажуулж авсан.

http://kharkhorincourt.gov.mn/file2015/12-3.jpg

Тахарын алба шүүхийг хамгаалж, шүүн таслах ажиллагааны хэвийн байдлыг хангах албан үүргээ нэр төртэй биелүүлж, ажлын гараа нь сайн байгаад шүүхийнхэн сэтгэл хангалуун байна. Тахарыг татан буулгана гэх шуугиан хэсэгтээ дэгдсэн. Шинэ тутам үйл ажиллагаагаа эхэлж байгаа байгууллага эмх цэгцэндээ ороход цаг хугацаа шаардлагатай. Харин ч харьцангуй богино хугацаанд эрчтэй ажиллаж, шүүхийн нөр их ажлаас хуваалцаж,цээж дэлдсэн амьсгаа өндөртэй нөхдийг журманд нь оруулж байгаа. Тахар өнөөдөр шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг жинхэнэ утгаар нь хариуцлагатай хангаж байгааг онцлох нь зүйтэй. Аль ч шүүх үүднээсээ Тахарын албаар дамжуулан иргэдээ хүлээн авч байна. Товчхондоо шүүхэд хандсан олон нийтийн итгэл ч тэдний үйл ажиллагаагаар дамжин үнэлэгдэнэ. Энэ нэрийн хуудсыг Тахарын алба илтгэж эхэллээ. Үр дүнг үнэлэх цаг иржээ. Тахарын албанд талархах сэтгэгдэл шүүх дүүрэн байна.

 

Эх сурвалж:www.news.mn

Б.ТАЙВАН

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 923   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд