23-09-2014, 14:00   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ

Шүүхийг арга зүй, мэдээллээр хангах чиг үүргийг судалгаа мэдээллийн нэгдсэн баазад түшиглэн хэрэгжүүлэх, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын мэргэжлийн мэдлэгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэх зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн ном сан ажиллаж байна. Тус номын сангийн фондод шинээр ирсэн нэр хүндтэй, гадаад номын танилцуулгыг цуврал болгон хүргэж байгааг хүлээн авна уу.

 

Oxford Handbook of Comparative Law


 

Товч агуулга: Улс орон бүрт өөрийн эрх зүйн тогтолцооны хэв шинжийг танин мэдэх, дэлхий нийтийн хөгжлийг тандан судалж, хөл нийлүүлэх боломжийг харьцуулсан эрх зүй судлал олгосон нь ердөө нэг зуун жилийн тэртээ билээ. "Харьцуулсан эрх зүйн Оксфордын гарын авлага” хэмээх бүтээлийг зохиогчид энэ чиглэлээр судалгаа шинжилгээний ажил эрхэлж байгаа судлаачид, хэм хэмжээ нутагшуулах (эрх зүйн рецепци) ажлыг хийж байгаа төсөл боловсруулагч, оюутнуудад харьцуулсан эрх зүйн суурь ойлголтыг өгөх зорилгоор эмхтгэн гаргажээ. Энэ номонд харьцуулсан эрх зүйн тулгуур ойлголтууд, түүхэн хөгжлийн тухай 8 улс орны туршлага, тэдгээрийг хооронд нь харьцуулан дүгнэж, улс орон бүрийн шашин, хэл соёл, нийгмийн асуудал, эдийн засгийн байдал зэргийг хамтад нь судалжээ. Түүнчлэн үндсэн хуулийн эрх зүй, захиргааны эрх зүй, худалдааны эрх зүй, өмчийн эрх зүй, гэр бүлийн эрх зүй, компанийн эрх зүй зэрэг салбарыг харьцуулсан эрх зүйн үүднээс тус бүрийн онцлогт нь тулгуурлан авч үзсэн байна.

 

 

 

 

United Nations Justice: Legal and Judicial Reform in Governance Operations

 

Товч агуулга: Хорьдугаар зууны сүүл үе, хорин нэгдүгээр зууны эхэнд НҮБ энхийг сахиулж буй улс орнууддаа шударга ёсыг төлөвшүүлэн бэхжүүлэх үйл хэргийг хэрэгжүүлэх болсон нь нэн шинэ үзэгдэл байв. Энэ номонд Косово, Зүүн Тимор зэрэг улсуудад НҮБ-аас хэрэгжүүлсэн шүүхийн шинэтгэл, түүний үйл явц, үр дүнг авч үзсэн бөгөөд эрх зүйн зохицуулалтын хийдэл, бүс нутгийн онцлогт тохирсон шинэчлэлийн хувилбарыг санал болгоогүйгээс өөрийн бодлого, дүрэм журмыг зөрчиж, нөхцөл байдлыг хурцатгах сөрөг үр дагаварт хүргэснийг онцолсон байна.

Мөн зохиогч тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц, арга замыг санал болгосон бөгөөд Колумбиагийн их сургуулийн профессор Майкл В. Доул "Бодит нөхцөл байдалд шүүмжлэлтэй хандаж чадсанэнэ ном НҮБ-аасзөрчил тэмцэлтэй байгаа улс орнуудад шударга ёсыг сэргээн тогтоох, бэхжүүлэхэд чухал зөвлөмж болно” гэж дүгнэсэн байна.

 

 

 

 

 International Law Dictionarу

 

Товч агуулга: Энэ толь бичиг нь хуульч, судлаач, оюутнуудад зориулсан олон улсын нийтийн эрх зүйн чиглэлийн нэр томьёог энгийн үг хэллэг, жишээ тайлбартай бүтээл юм. Нийт 9 бүлэгтэй бөгөөд эхний бүлэгт олон улсын эрх зүйн эх сурвалж, үндэсний эрх зүйтэй харилцан хамааралтай байдал зэрэг нийтлэг ойлголтууд, II-VIII бүлэгт олон улсын энх тайвантай холбогдох эрх зүйн хэм хэмжээ (peace law), XI бүлэгт дайн, хүмүүнлэгийн эрх зүйн холбогдолтой нэр томьёонуудыг тайлбарлажээ.

Номын эхэн хэсэгт олон улсын нийтийн эрх зүйн хүрээнд өргөн хэрэглэгддэг нэр томьёонууд, тэдгээрийн товчлол, олон улсын эрх зүйн хөгжлийн түүхэн үйл явдлын товчоон, томоохон кейсүүд зэргийг оруулсан нь уншигч, судлаачдад нэг дороос хэрэгтэй мэдээллийг авах боломжийг бүрдүүлжээ.

 

 

 

 

 

 

 

Эрхэм шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Та бүхний өмнө манай номын сангийн үүд хаалга ямагт нээлттэй бөгөөд дараах материалыг бүрдүүлэн уншигчийн үнэмлэхээ үнэ төлбөргүй нээлгэж үйлчлүүлэхийг урьж байна:

1. Бүртгэлийн маягт бөглөх,

2. Иргэний үнэмлэх

3. 1 хувь цээж зураг

4. Ажлын газрын үнэмлэх

 

 

 

Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн

Засгийн газрын 11 дүгээр байр, 7 давхар, 701 тоот

Ж.Самбуугийн гудамж, Чингэлтэй дүүрэг

Улаанбаатар хот, Монгол Улс

jud_research@judcouncil.mn

Утас: 263314

Нийтэлсэн admin   Үзсэн: 1131   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд