Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн №146/ШШ2019/00308 шийдвэр
Шүүхийн шийдвэрийн тойм №2, 2023.03.30
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: "Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Иргэн "Г”, "Э” нар нь "М” ХХК-ийг 2001 онд үүсгэн байгуулан, компанийн хувьцааг 50,50 хувиар эзэмшдэг байсан ба иргэн "Э” нь компанийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй 14 847 м.кв газрын зарим болох 7 000 м.кв газрыг компанийн захирал байхдаа хувьцаа эзэмшигч болох "Г” надад мэдэгдэлгүй өөрийн нэр дээр өмчлөн авсан гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч "Г” нь тус компанийн 2012 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн эд хөрөнгийн эрхийг бусдад шилжүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүхээс компанийн эрх бүхий албан тушаалтан "Э” нь Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4.1."хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх”, 84.4.4."шийдвэр гаргахдаа сонирхлын зөрчлөөс зайлсхийж сонирхлын зөрчил үүсэхээр бол энэ тухайгаа тухай бүр мэдэгдэх” үүрэгтэй гэж заасныг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл тухайн үед "М” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан "Э” нь хууль болон компанийн дүрэм, журамд заасан бүрэн эрхийн хүрээнд ажиллаж, эрх мэдлээ хэрэгжүүлэх үүргээ биелүүлээгүй, бусад хувьцаа эзэмшигчийн саналыг авалгүйгээр, хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийлгүйгээр эрх мэдлээ хэтрүүлэн, компанийн эд хөрөнгийг хувьдаа авсан нь тогтоогдож байна гэж дүгнэж тус компанийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Шийдвэрийг бүтнээр нь үзэх бол: Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан (Энд дарна уу)
Тойм бэлтгэсэн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Б.Сарантуяа