16-04-2015, 15:36   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Монгол Улсын Ерөнхийлөгч шүүхийн шинэтгэлийг урт зам хүлээж байгааг онцлов

 


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2009 онд бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлснээс хойшхи 6 жилийн хугацаанд хийсэн ажлаа УИХ-д тайлагнасны дотор шүүхийн шинэтгэлийн үйл явцын эхлэл, өрнөл, цаашдын хандлагыг онцоллоо. Энэ нь төрийн тэргүүний мөрийн хөтөлбөрийн жин дарах гол үзэл санааны нэг юм. Тэрээр иргэдийн хамгийн их хүсэн хүлээж, олзуурхан үнэлж буй шүүх эрх мэдлийг шинэтгэж, хуулийн засаглалыг гүнзгийрүүлэх ажил нь замын эхэнд явааг дурьдаад, цаана нь урт зам хүлээж байгааг дуулгав. Шүүх эрх мэдлийн шинэчлэлийн эхний үе шатыг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэгтэй нэр бүхий зургаан хуулийн төслийг 2011 онд өргөн барьсныг өмнөх парламент гурван сарын хугацаанд хэлэлцэн баталсан билээ. 

 

 

Ерөнхийлөгч шүүх эрх мэдлийн шинэчилсэн хөтөлбөрийг боловсруулж, ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцүүлж, 2010 оны дөрөвдүгээр сарын 14-нд баталж хэрэгжүүлэх ажлын шанг татсан МУ-ын Гавьяат хуульч асан Б.Чимэд, мөн Ерөнхийлөгчийн тамгын газрын даргаар ажиллаж байсан одоогийн Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Х.Тэмүүжин нарыг ачааны хүндийг үүрч, ажлын ихийг нугалсныг чуулганы индрээс зарлалаа. Эдгээр эрхмүүдийг урьд өмнө шүүхийн түүхэнд байгаагүй өөрийн гэсэн зам мөрөөр урагшилж яваа өнөөдрийн шинэтгэлийн "авторууд” ч гэж тодотгож болох юм.

 

 

Монгол улсын шүүх өнөөдөр шүүн таслах ажиллагаа, шүүхийн захиргаа хоёроо тусгаарлан, ил тод, нээлттэй болж, шүүгчийн хараат бус байдалд гарсан томоохон ахиц дэвшлүүд тэдний ёс зүй, хариуцлагыг дээшлүүлснээр мэргэжлийн үнэ хүнд нь өндөрт тавигдаж, хуульчдын өрсөлдөөн бүрэн утгаараа энэ салбарт бий болсныг Ерөнхийлөгч "Шүүхийн шинэтгэлийн чиглэлээр бидний төлөвлөсөн төлөвлөгөө талдаа ч ороогүй, маш их ажил хүлээж байна. Цаашид маш их ажил хийгдэнэ. Монголд хуульч гэдэг мэргэжлийг тодорхой шалгуур, үүрэг хариуцлагатай болгосон. Хууль шүүхийн шинэчлэлийн зорилго албан тушаалтны засаглал биш хуулийн засаглал тогтоход оршиж байгаа. Энэ үйл ажиллагаа хойшид ч хийгдэх ёстой. Ийм сорилттой Монголын ард түмэн байнга тулгарах болно” хэмээн мэдэгдлээ.

 

 

Шүүхийн шийдвэрийг олон нийтэд ил болгож, хүссэн иргэн орон зай,цаг хугацаанаас үл хамааран цахим хэлбэрээр шүүхийн мэдээллийг шуурхай авч болох боломжийг нээснээр одоо гар утаснаасаа ч шүүхийн талаархи боломжит бүх мэдээллийг авдаг боллоо. Энэ нь шүүхийн үйл ажиллагаа олон нийтэд ил тод, нээлтэй байх шинэтгэлийн бодит хэрэгжилт юм. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын эрх зүйн хамгаалалтууд баталгаажихын зэрэгцээ хариуцлагын тогтолцоо, олон нийтийн хяналт шинэ шатанд гарлаа. Удаа дараагийн судалгаагаар иргэдийн шүүхэд итгэх итгэл дээшилж, "Шүүхэд баярлалаа” хэмээн эерэг сэтгэгдлээ илэрхийлж эхэллээ. 

 

 

Шүүхийн шинэтгэлийн хүрээнд хийгдэх ажлууд цаашид ч тасралтгүй үргэлжлэх бөгөөд хуулийн засаглалыг бүрэн дүүрэн бэхжүүлэх үйлс урт замыг туулж, олон түмэн хяналт тогтоож чадах нийгмийн төлөө төрийн тэргүүн бүрэн эрхийнхээ хэрэгжилтийн хүч, цагийг зарцуулсан,зогсолтгүй зарцуулахаа ч ийнхүү тодотголоо.


 

 

Ш.Отгон


 

Эх сурвалж: Өдрийн сонин 2015.04.15 № 094 (5046)


Нийтэлсэн admin   Үзсэн: 771   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд