1-12-2014, 10:29   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Р.Оюунбадам: Нээлттэй шүүхэд баярлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүхийн тухай багц хуулийн үр дүнд шүүх байгууллагууд ил тод, нээлттэй байдлаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс хэрэгжүүлсэн "Нээлттэй шүүх” төслийн хүрээнд шүүх хуралдааны явцыг дэлгэцээр үзэж, шийдвэрийг нь интернэтээс татаж авах боломжтой болсон юм. Бид энэ талаар "Шихихутаг” хууль зүйн дээд сургуулийн Хууль зүйн клиник сургалтын төвийн эрхлэгч Р.Оюунбадамтай ярилцлаа.

http://kharkhorincourt.gov.mn/files/11111.jpg

-Танай сургуулийн оюутнууд Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхийн "Нээлттэй шүүх” танхимд практик дадлага хийдэг гэж сонслоо. Сургалтын чанарт хэрхэн нөлөөлж байна вэ?

-Тийм ээ. Би оюутнуудыг чадавхижуулах, мэргэшүүлэх сургалтыг хариуцаж ажилладаг. Энэ нь тухайн оюутанд эрүүгийн эрх зүй, эрүүгийн байцаан шийтгэх эрх зүй, иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй, захиргааны эрх зүй, захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүй бүгдийг үзсэн буюу IV курсын оюутнуудтай ихэвчлэн харилцдаг. Оюутнууд үзсэн онолоо практикт ашиглах зорилготой чадавхижуулах сургалт гэсэн үг л дээ. Эхний семистерт гурван кредитээр дадлага олгодог. Үүний хамгийн гол ажиллагаа нь процессийн ажиллагаанууд шүүх хурал дээр хэрхэн явагддаг. Шүүх хэрхэн шийдвэр гаргадаг, эрүү, иргэн, захиргааны журмаар яаж шийдвэрлэдэг талаар онолын мэдлэгийг нь бататгах үүднээс оюутныг шүүх хуралд суулгадаг. Шүүх нээлттэй болсны ачаар манай оюутнуудын чадавхи дээшилж, сургалтын чанар илүү сайжирч байгаа. Ийм учраас Дүүргийн эрүүгийн анхан шатны I шүүхийнхэнд хамгийн түрүүнд баярлалаа гэж хэлнэ.

 

-Хэргийн оролцогч, тэдний ар гэрийнхэн шүүх танхимд орох хүсэлтэй байдаг. Хажуугаар нь оюутнуудаа оруулах хэрэгтэй байдаг. Өмнө нь шүүх хуралдааны явцад ажиглалт хийхэд хүндрэлтэй зүйл тохиолдож байв уу?

-2-3 жилийн өмнө шүүх хуралдаанд оюутнуудыг суулгахын тулд тухайн дүүргийн шүүхийн Тамгын дарга дээр орж зөвшөөрөл авна. Тэд сургуулиас албан бичиг ирүүлэхийг шаардана. Шүүхийн харуулууд оюутнуудыг оруулахгүй гэж загнана. Ихэнх шүүх иймэрхүү байдалтай байсан. Бид ч аргыг нь олж, хүсэлтээ тавиад их гүйдэг байж. Харин одоо бүх зүйл эсрэгээрээ. Шүүх нээлттэй болсноор үүдэнд сууж байгаа тахарууд нь хүртэл "Хаашаа явах гэж байна. Яах гэж байгаа юм” гэж асуухаа больсон шүү дээ. Бид 2011 онд "Нээлттэй нийгэм” форумаас төсөл аваад Шүүхийн ажиглалт гэдэг төслийн хүрээнд оюутнуудаа хоёр сар гаран Сүхбаатар, Чингэлтэй өөр бусад шүүхүүд дээр ажиглалт буюу мониторинг хийлгэж байсан. Одоо заавал төсөлд хөөцөлдөх шаардлагагүй болжээ.

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны I шүүхийн тухайд ярихад энэ жил бидэнд ямар нэг хүндрэл учирсангүй. Албан бичиг энэ тэр гэж нэхсэнгүй. Оюутнууд маань шүүх хуралдаан даргалагчаас зөвшөөрөл аваад шүүх хуралдааны нарийн бичигт хэлээд л шүүх хуралдаанд шууд ороод суух боломжтой болсон байна. Эндээс би шүүх хуралдаанд суух гэж буй хүүхдүүддээ хэлж захиж явуулдаг л даа. "Шүүх хуралдаанд суухдаа гар утсаа унтраана, чимээ шуугиан гаргаж болохгүй шүү, шүүхийн хэлэлцүүлэг явж байна маш хариуцлагатай ажил шүү, шүүх хуралдаанд суугаад болсон бүх процессийг тэмдэглэж аваад онолтой чинь хэр нийцэж байна гэдгийг судлаарай” гэх зэргээр захиад явуулдаг. Тэд маань итгэл алдахгүй ээ. Шүүх хуралдааны дэг, явуулах дараалал зэргийн мэдлэгээ яг практик дээр хэрхэн хэрэгжиж буйд ажиглалт, мөн өмгөөлөгч, прокурор ямар байр суурьтай оролцдог, хэрхэн мэтгэлцдэг, хэлэлцүүлэг яаж явагддаг талаар, энэ их түмэн юман дотроос шүүх өөрөө нотлох баримтуудыг үнэлж, дүгнэж шийдвэрээ гаргадаг юм. Онолоос зөрж буй зүйл байна уу, санал байна уу сайн тэмдэглэл хөтлөөд багштай санал бодлоо ярилцаад тэрүүгээрээ тайлан хамгаалдаг.

 

-Ер нь заавал шүүх хуралдааны танхим руу чихэлдэх шаардлагагүй болсон байгаа биз дээ. Судлаачид, оюутнууд, сэтгүүлчид, ажиглагчид, хэргийн оролцогч нар дотор юу болж байгааг дэлгэцээр харж, шийдвэрийг нь www.shuukh.mn сайтаас харж болж байгаа?

-Дүүргийн эрүүгийн хэргийн I шүүх дээр "Нээлттэй шүүх” танхимтай болсон байна. Манай оюутнууд шүүх хуралдаанд орж сууж байгаа. Мөн "Нээлттэй шүүх” танхимын дэлгэцээр ч хүүхдүүд шүүх хурлыг харж болж байна. Энэ шүүх дээр оюутнууд дадлага олж авахад ямар нэг хориг саад байхгүй. Маш их туслалцаа үзүүлж байна. Манай оюутнууд есдүгээр сарын 3-наас эхлэн долоо хоног бүрийн пүрэв гариг бүрт шүүх хуралд очиж сууж байгаа. Тус шүүхийн Тамгын газар, шүүгч, шүүгчийн туслах, бусад албан хаагчид нь оюутнуудад дадлага олгох, шүүхийн шинэтгэл, шүүхийн багц хуулиуд болон үйл ажиллагааныхаа талаар мэдлэг олгож байна. Эндээс харахад шүүх үнэхээр нээлттэй болсон байна. Шүүхийн талаас мэдээлэл, мэдлэг олж авахад ямар нэг хүндрэл бэрхшээл саадгүй болчихож. Харин хүүхдүүд ямар мэдлэг чадвар олж авах эсэх асуудал бол өөрсдийнх нь асуудал. Шүүх бол энэ тал дээр асах их том туслалцаа үзүүлж байна. Шүүхийн нээлттэй танхим байгуулагдсанаар дан ганц оюутнуудаас гадна, хэргийн оролцогч, тэдгээрийн ар гэрийнхэн, судлаачид, сэтгүүлчид гээд шүүхийн талаар мэдэхийг хүссэн бүх зүйлээ олж авахад хэрэг болж байна.

Би одоо оюутнууддаа хэлдэг, "заавал шүүх хурал руу орно гэж зүтгээд байх шаардлага байхгүй. Наадах чинь "Нээлттэй шүүх” танхимын телевизээр явж байна. Тиймээс зааланд нь сууж байгаад тэмдэглэлээ хий. Мөн www.shuukh.mn гээд сайт руу ор. Тэнд хаалттайгаас бусад бүх нээлттэй шүүх хурлын шийдвэрүүд нь байгаа. Түүнийг олж үз. Өнөөдөр бид бүхэнд шүүхийн талаар сургалт судалгаа юу байдаг юм. Тэр болгоныг хийхэд ямар ч саад алга. Дадлага олох бүрэн боломж бүрдсэн” гэж оюутнууддаа хэлдэг. Хуульч бэлтгэдэг бусад сургуулиудад ч гэсэн "Нээлттэй шүүх” танхимыг ашиглаарай гэж уриалмаар байна.

Л.Мөнхтуяа

"Үндэсний шуудан” сонин

2014 оны 11 дүгээр сарын 28-ны дугаар 226 /2165/

Нийтэлсэн admin   Үзсэн: 929   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст