25-05-2015, 09:15   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүх байгуулах тухай хуулийн төслийн талаар мэдээлэл хийлээ


Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан оролцож Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаар мэдээлэл хийсэн юм. Үндсэн хуулийн Цэцийн 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсэг, 2 дугаар зүйлийн нэг, хоёр, гурав дахь хэсгийн 6,11 дэхь заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүх байгуулах тухай хуулийн төслийн саналыг боловсруулж, Засгийн Газартай зөвшилцөн 2015 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан билээ. Энэхүү хуулийн төслийг УИХ-ын байнгын хороо, нэгдсэн чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулж, хуулийн төслийн талаар олон нийтэд мэдээлэл өгөх зорилгоор ийнхүү хэвлэлийн бага хурал зарласан юм. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2015 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө зайлшгүй батлах шаардлагатай гэдгийг тэрээр онцоллоо. Шүүх байгуулах тухай хуулийг Үндсэн хуульд нийцүүлж дараах таван чиглэлээр өөрчлөлт оруулахаар тусгажээ.

Уг төсөлд давж заалдах шатны шүүхийг 2013 оны Шүүх байгуулах тухай хуульд тоогоор дугаарлаж байсан нэршлийг өөрчилж, тухайн шүүхийн байрших газрын нэрээр нэрлэхээр тусгасан. Тухайлбал, "Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх”, "Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх” гэх мэт. Хуулийн төсөлд давж заалдах шатны шүүх нь харьяалж буй бүх аймагт байрлан үйл ажиллагаагаа явуулах бөгөөд хэргийн оролцогчийн хүсэлтийг харгалзан аймаг бүрт шүүх хуралдаан хийх боломжтой. Энэ нь аймаг бүр шүүхтэй байх Үндсэн хуулийн үзэл баримтлалд нийцэж байгаа юм. Түүнчлэн Сум дундын шүүхийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулахаар хуулийн төсөлд тусгасан юм. Харин Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг нийт 21 аймаг, нийслэлд байгуулахаар хуулийн төсөлд тусгажээ.Тухайлбал /Булган, Сэлэнгэ аймагт шинээр/ Захиргааны хэргийн анхан шатны шүүх байгуулах юм. Ингэснээр энэ талаар Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд заасан зөрчил арилна.


 

Харин Дүүргийн шүүхийг 2013 оны Шүүх байгуулах тухай хуулиар "Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх”, "Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүх гэж нэрлэснийг өөрчилнө. "Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх” гэх мэт харьяалах нутаг дэвсгэрийн нэрээр нэрлэж, Улаанбаатар хотод байгуулна. Ингэснээр дүүрэг тус бүр харьяалах шүүхтэй болох юм. Энэ хууль батлагдсанаар шүүхийн тамгын газар шинээр нэмэгдэхгүй бөгөөд шүүхийн дэд бүтцэд өөрчлөлт орохгүй, шүүх, шүүгч, хөрөнгийн шилжилт хөдөлгөөн, нүүлгэн шилжүүлэлтийг дахин хийхгүй, орон сууцаар нэмж хангах асуудал гарахгүй, шүүгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхгүйн зэрэгцээ их хэмжээний хөрөнгийн нэмэлт зардал гарахгүй байхаар боловсруулсан талаар онцоллоо.


 

Тэгвэл Сум дундын шүүхийг дагнан байгуулахтай холбогдуулан 21 ерөнхий шүүгч, 15 шүүгч, Захиргааны хэргийн анхан шатны шүүхийг Булган, Сэлэнгэ аймагт шинээр байгуулахтай холбогдон 2 ерөнхий шүүгч, 6 шүүгч тус тус нэмэгдэж байгаа боловч энэ тоо нь УИХ-ын 2013 оны 12 дугаар тогтоол "Шүүгчийн орон тоог батлах тухай”-оор баталсан орон тооны хязгаарт багтаж байгаа болно. Давж заалдах шатны шүүхийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор шүүгч томилолтоор ажиллахтай холбогдон нэмэлт зардал гарах боловч эдгээр нь 2015 онд батлагдсан шүүхийн төсвийн хэмжээнд санхүүжигдэх боломжтой тул нэмэлт төсөв батлах шаардлагагүй юм байна.


 

Иргэдийн 65 хувь нь шүүхэд итгэдэг гэжээ


Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Л.Бямбаа "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хуралд "Шүүхийн эерэг, сөрөг мэдээлэл” мониторингийн судалгааны талаар мэдээлэл хийсэн юм. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн зүгээс шүүхийн үйл ажиллагааны талаарх иргэдэд өгч байгаа мэдээллийн чиг хандлага, цаашид анхаарах асуудлыг тодорхойлох зорилгоор 2015 оны 1-р сарын 05-ны өдрөөс 2015 оны 5-р сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд өдөр тутмын 8 сонин, 7-10 хоног тутмын 3 сонин, мэдээллийн 57 вэб сайтад нийтлэгдсэн мэдээлэлд мониторинг хийжээ. Судалгаанд хамрагдсан хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүх, шүүхийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар нийтлэгдсэн нийт 860 мэдээ, мэдээлэл байснаас 8 хувь нь эерэг, 83 хувь нь төвийг сахисан, 9 хувь нь сөрөг мэдээлэл байсан байна. Сөрөг мэдээллийг судалж үзэхэд шүүхийн шүүн таслах ажиллагаатай холбоотой сөрөг мэдээлэл нийт сөрөг мэдээллийн 58.1 хувийг эзэлсэн байна. Түүнчлэн Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс болон бусад хөндлөнгийн судалгааны байгууллагаас хийсэн судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл дээшилжээ. Тухайлбал 2014 онд шүүхэд итгэх иргэдийн итгэлийн үзүүлэлт 58,3 хувьтай байсан бол 2015 онд иргэдийн 65 хувь нь шүүхэд итгэдэг гэсэн судалгааны дүн гарсан талаар мөн энэ үеэр мэдээллээ.










 

 

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийтэлсэн admin   Үзсэн: 1029   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд