8-02-2018, 16:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл:  

Зөрчлийн тухай хууль дахь зөрчилдөөн бүхий зарим асуудал

Шинэчлэн найруулсан Зөрчлийн тухай хуульд цаг үеийн шаардлагын дагуу шинэ буюу шинэвтэр олон зохицуулалтууд тусгагдсан байх хэдий ч тухайн хуулийг уншин судлах, хэрэгжүүлэх, хэрэглэх явцад асууж тодруулах (?), анхаарах буюу нэг мөр ойлголтод хүрэх (!), тодотгон боловсронгуй болгох (...зарим асуудлаар өөрийн үзэл бодлыг товч илэрхийлж байна.

Ерөнхий анги

1.5 дугаар зүйлийн 6, 7

Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа эхлүүлэх өдрийг хүртэл тоолж, цааш тоолохыг зогсоож буй нь Зөрчил үйлдсэн хүний эрх зүйн байдлыг Эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн хүнийхээс илүү чангатган дордуулсан [1]байх тул Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 6, 7 заалтуудыг нэгтгэн "Зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг зөрчил үйлдсэн өдрөөс эхлэн шийтгэл оногдуулсан шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж шинэчлэх шаардлагатай.

Хэрэв тухайн зохицуулалт байх ёстой гэвэл эсрэгээр Эрүүгийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаанд байх ёстой зохицуулалт гэж үзэж болно. 

 

1.5 дугаар зүйлийн 9

Зөрчилд тооцогдох үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг зөрчил үйлдсэн хугацаагаар тооцох ба энэ нь зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох "эхлэл” болох тул Зөрчлийн тухай хуулийн тухайн заалтыг зөв гэж үзэхгүй юм.

Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэг эсхүл зөрчил гэж үзэх нь холбогдох эрх зүйн онол, хуулийн тодорхой шалгууртай ба анхлан зөрчлөөр биш харин хууль бус үйлдэл эс үйлдэхүйн хүнд буюу ноцтой хэлбэрээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан нь зөрчил гаргагчийн буруу бишээс гадна тийнхүү эрүүгийн хэргийн журмаар шалгасан нь "зөрчил үйлдэгдсэн үе”-ийг тасалдуулах, зогсоох, зөрчилд холбогдогчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл, нотолгоо болох ёсгүй тул тус заалтыг эсрэгээр нь өөрчлөх ёстой.

Зөвтгөн өөрчлөх нь мөрдөгч, прокурор, бусад эрх бүхий албан тушаалтны хувьд хууль тогтоомжийг чанд хэрэгжүүлэх мэргэжлийн чиг үүрэг, хариуцлагатай холбоотой бодлого, зохицуулалтын асуудалд бас хамаарах юм. 

 

3.1 дүгээр зүйлийн 4

Нийлмэл зөрчил үйлдэгдсэн тохиолдолд аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна гэсэн Зөрчлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 4 дахь заалт нь зөрчил тус бүрд шийтгэл оногдуулах тухай мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 2 дахь заалттай зөрчилдөөнтэй.

Нэг эсхүл хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хэд хэдэн төрлийн зөрчлийн шинжийг хангасан бол "нийлмэл зөрчил”-д тооцох тухай холбогдох салбар эрх зүй[2]-н онол, хууль зүйн үндэслэл нэгэнт тогтчихсон байтал Зөрчлийн тухай хуульд өөрөөр авч үзсэн нь онолын үндэслэл, хуулийн бодлого, зохицуулалтын хувьд ойлгомжгүй, зөвтгөх боломжгүй. 

 

Албадан сургалт зөвхөн баривчлах шийтгэлд хамаарах нь оновчгүй.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангийн 4.5 дугаар зүйл, тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3, 5.2 дугаар зүйлийн 1, 5.4 дүгээр зүйлийн 4, 5.8дугаар зүйлийн 6, 8.6, 8.7 дугаар зүйлийн 1, 14.7 дугаар зүйлийн 5-д зааснаас үзэхэд зөвхөн баривчлах шийтгэл оногдуулсан тохиолдолд албадан сургалтад заавал хамруулахаар байна.

Зарим зөрчилд тухайлбал, гэр бүлийн хүчирхийллийн зөрчилд албадан сургалтад хамруулж, торгох шийтгэл оногдуулж болохгүй үндэслэл юу вэ ?

Гэр бүлийн анх тутам үйлдсэн хүчирхийллийг хүчирхийллийн аргаар шийдвэрлэх нь оновчтой арга зам биш болох нь шүүхийн практик [3]-аас илэрхий болж байна.

Мөн Эрүүгийн хуулийн 7.2, 7.3 дугаар зүйлд заасан "албадлагын арга хэмжээ”-ний төрлийг зарим зөрчлийн шинж байдалд тохируулан Зөрчлийн тухай хуульд хуульчлах нь оновчтой гэж үзнэ.

 

Зөрчлийн шинж (бүрэлдэхүүн)-ийг Зөрчлийн тухай хуулийн эх сурвалжид заасан хууль тогтоомжийн хүрээ, хязгаарт тодорхойлон шийдвэрлэж байх нь зохистой.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид "хууль тогтоомж” гэсэн бүлэг нэмж, хуулиудыг "Үндсэн хууль, бусад салбарын хуулиуд” гэсэн ерөнхий байдлаар, харин Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулахаар заасан "захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл”-д хамаарах Захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг нэг бүрчлэн заах шаардлагатай.[4]Ингэсэн тохиолдолд зөрчлийн маргаан бүхий асуудалд субьектив байдлаар хандахгүй, ялангуяа захиргааны хэм хэмжээний акт зөрчсөнд тооцох зөрчлийг зөвхөн Зөрчлийн тухай хуулийн эх сурвалжид заасан тухайн актуудын хүрээ, хязгаарт тодорхойлон шийдвэрлэнэ, харин энд хамаарахгүй өөр бусад актаар зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулах боломж хаагдана, нөгөө талаас энэ нь аливаа харилцааг аль болохуйц гагцхүү хуулиар зохицуулах харин хуулиас давсан захиргааны хэм хэмжээг дур зоргоор тогтоох боломжийг хязгаарлах, хэрэв тогтоосон бол хууль тогтоомжид тавигдах нэгдсэн стандартын шаардлагыг бүрэн хангасан эсэхийг хянах, хянуулах боломж бүрдэнэ. 

 

Зөрчил үйлдэгчийн гэм буруу зөрчилд шийтгэл хүлээлгэхэд хамаарах ёстой.

Гэм буруу бол хүний ухамсар, хүсэл зоригийн нийлбэр буюу сэтгэхүйн үйл ажиллагааны дотоод мөн чанарыг илэрхийлдэг. Тийм учраас гэм буруугийн зарчим бүх зөрчилд үйлчилнэ, хамаарна гэж үзэж болно.

"Үндсэн хуульд шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” [5]гэж заасан нь хамгийн ноцтой зөрчил буюу гэмт хэрэг, ял шийтгэлийн улмаас хүний эрх бусад үнэт зүйлст учруулж болох ноцтой аюулаас урьдчилан сэргийлсэн, мөн хүнийг хилс хэрэгт хэлмэгдүүлэхгүй байхад чиглэгдсэн суурь хамгаалалт болохоос гэмт хэргээс бусад зөрчилд гэм буруу хамаагүй гэж мехианикаар ойлгох үндэслэл биш юм.

Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид заагаагүй хэдий ч зөрчилд холбогдогч этгээдийн гэм буруугийн агуулга, хэлбэр, чиглэл, зорилгыг мэдэхгүйгээр хуулиар тогтоосон "зөрчлийн шинж”-ийг зөв тодорхойлох, үнэлэх, шийдвэрлэх боломжгүй.

Тухайлбал, Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлд заасан буюу эд хөрөнгө хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийн зарим шинж хангагдаагүй бол Зөрчлийн тухай хуулийн 8.8 дугаар зүйлд зааснаар эд хөрөнгө хууль бусаар устгах, гэмтээх зөрчилд тооцсон нь гэмт хэрэг ба зөрчлийн хувьд "гэм буруугийн санаатай” хэлбэрийг илэрхийлнэ. Харин Эрүүгийн хуулийн 17.11 дүгээр зүйлд заасан болгоомжгүйгээр эд хөрөнгө устгах, гэмтээх, үрэгдүүлэх гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй /хохирол хүрээгүй / боловч Зөрчлийн тухай хуульд хуульчлагдаагүй тул зөрчил гэж үзэхгүй.

Цаашид гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг зарим гэмт хэргийг Эрүүгийн хуулиар биш Зөрчлийн тухай хуулиар зөрчилд тооцох нь "шоронжуулахын эсрэг бодлого”-д хамаарч бас болно.

Гэтэл Зөрчлийн тухай хуульд холбогдох сургалтын зарим хэрэглэгдэхүүнд [6]"гэм буруугийн зарчим зөрчилд шийтгэл хүлээлгэхэд хамаарахгүй” тухай тусгасан нь зөвшөөрөгдөх боломжгүй гэж үзэж байна. 

 

Тусгай анги


Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн зохицуулалтыг энгийнээр харахад ойлгомжтой, хэрэглэх, хэрэгжүүлэхэд хялбар мэт ойлгогдож болох хэдий ч бас анхаарвал зохих зарим асуудлууд байна.

Тусгай анги дахь нийт зөрчлийг судлан үзэхэд дараах 5 төрлийн ангилалд хувааж болохоор байна. Үүнд:

Салбарын хууль зөрчсөн зөрчил /дийлэнх нь энд хамаарна/,

Гэмт хэргийн зарим шинж бүхий зөрчил : Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйл, 5.4 дүгээр зүйлийн 4, 8.6, 8.78.810.3, 10.28 дугаар зүйл,

- Зөрчилд тусгайлан тооцсон зөрчил : Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1, 5.3, 5.5, 5.7, 6.21, 6.22, 10.8, 15.1, 15.215.3, 15.4, 15.5, 15.6, 15.7, 15.9, 15.10, 15.11, 15.13, 15.21 дүгээр зүйлд тус тус заасан зөрчил,

Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт зөрчсөн зөрчил : - Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.16, 10.20,15.25, 15.26 дугаар зүйл,

- Нийлэлдсэн зөрчил :/зарим салбар хуулиуд, захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн зөрчлүүдийг нэг дор бөөгнөрүүлэн нэгтгэсэн шинжтэй/ - Хүүхдийн эрхийг зөрчих /6.20 дугаар зүйл/, - Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих /10.4 дүгээр зүйл/, Тайлан, мэдээ, тооллого, судалгаа, бүртгэлийн журам зөрчих /10.21 дүгээр зүйл /гэх мэт.

Дээрх ангиллын хүрээнд тус тусгай ангийн зохицуулалт, бодлогын хувьд цаашид анхаарвал зохих зарим асуудлаар дараах санал дэвшүүлж байна. Үүнд :

1. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид зөрчлийг :

- Гэмт хэргийн зарим шинж бүхий зөрчил : /Эрүүгийн хуультай нягт уялдуулах буюу зарим гэмт хэргийн шинж бүрэн хангагдаагүй зарим зөрчил энд хамаарна/,

- Захиргааны хэм хэмжээ тогтоосон акт зөрчсөн зөрчил /Салбарын хуульд заасан зөрчилд хамаарахгүй буюу давхцаагүй тохиолдолд захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудтай уялдуулах/,

- Зөрчилд тусгайлан тооцсон зөрчил/Эрүүгийн болон бусад салбар хууль, захиргааны хэм хэмжээ тогтоосон актад заасан зөрчилд хамааралгүй буюу давхцаагүй, зөвхөн Зөрчлийн хуулиар тусгайлан зөрчилд тооцох/ гэсэн "гурван бүлэг”-т хуваан зохицуулах боломжтой гэж үзэж байна.

2. Салбарын хуулиудад хамаарах зөрчлийг холбогдох тухайн хуульд нь нарийвчлан тодорхойлж, уг зөрчлийг үйлдсэн хүн, хуулийн этгээд, тэдгээрт хүлээлгэх захиргааны шийтгэл, тухайн зөрчлийг зөвхөн "шалгах” эрх бүхий субьект, мөн тухайн зөрчлийг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу шийдвэрлэх”-ийг тус тус тодорхой, ойлгомжтой заах нь оновчтой, зөв байж болохоор байна. Учир нь :

2.1. Хууль бол нэг талаас иргэн бүр эрхээ чөлөөтэй эдлэх боломж нөхцөл, баталгааг бүрдүүлж буй төрийн үүргийн үндсэн хэлбэр болох тул хуулийн үйлчлэл буюу үйлчилгээ нь "нэг цэгийн үйлчилгээ” шиг нэгдмэл, цогц, шуурхай хэрэгжих, нэг мөр ойлгогдох ёстой, иргэдэд цаг хугацаа алдах, нэмэгдэл зардал чирэгдэл үүсгэх, зөрчил гаргаж болох нөхцөл байдалд зориуд хүргэхээр байх ёсгүй.

Хүн, хуулийн этгээд өөрт зайлшгүй хэрэгцээтэй салбарын хуулиа дагаж мөрдөх, хэрэгжүүлэх, хэрэглэхэд тухайн хуульд эрх, үүрэг, түүнчлэн эрх, үүргийн хэмжээ хязгаар буюу зөрчвөл хүлээлгэх хариуцлагын механизм нь нэг мөр тодорхой, ойлгомжтой, зөрчил гаргахаас урьдчилан сэргийлэх боломжийг нэг мөр, иж бүрэн олгосон, ойлгуулсан, мэдрүүлсэн байх ёстой.

Хууль зөрчигдөхгүйгээр амьдралд шууд хэрэгжих, үйлчлэх үндсэн нөхцөл, арга зам нь тухайн хууль дахь иж бүрэн зохицуулалт буюу хамгийн гол нь хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангах хариуцлагын оновчтой механизм, түүний тодорхой, ойлгомжтой байдал болдог.

Салбар хуульдаа хүн, хуулийн этгээдийн эрх, үүргийн хэмжээ хязгаар буюу хориглоогүй бүхнийг хийх боломжийн хүрээ хязгаарыг заахгүй орхигдуулах нь хуулийн этгээд ялангуяа хүний хувьд хуулийн зөрчил гаргах, хугацаа алдах, зардал чирэгдэл үүсгэх эрсдлийг нэмэгдүүлэхээс бууруулахгүй болно.

Хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, сурталчлах, хэвлэн түгээх болон хууль тогтоомжийн тухай мэдээлэл хүргэх, авах цахим сүлжээний зэрэг "олон талт үйлчилгээ” хүртээмжгүй, хэрэгжилт хангалтгүй, шуурхай бус зэрэг нөхцөл байдлыг мартаж болохгүй.

Төр өөрөө иргэдийн өмнө хүлээх Үндсэн хуулийн дагуух "үүрэг”[7]-ийн хүрээнд иргэдэд баталсан "хуулиа мэдүүлж” чадсан эсэх нь анхаарах хамгийн чухал асуудал. Төрийн энэ үүрэг хангалтгүй байхад "иргэд хууль мэдэхгүй байх нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэх хуулийн хийсвэр заалтын агуулгаар иргэдийг алдаа, хариуцлага руу хүчлэн түлхэх, шийтгэх ёсгүй болно.

Салбарын хуульд "зөрчил, зөрчигч хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх шийтгэл, зөрчлийг шалгах субьектыг нь тодорхой заачихсан” байхад бусад холбогдох бүх асуудлыг Зөрчлийн тухай болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар шийдвэрлэхэд зөрчилдөөн, хийдэл, хүндрэл бэрхшээл үүсгэхгүй байхаар зохицуулах бүрэн боломжтой.

2.2. Зөрчлийн тухай хуульд бүх салбар хуулиуд дахь зөрчлийг нэмж нэгтгээгүй бөгөөд угаасаа бүгдийг мехианикаар нэмж нэгтгэх ч бодит боломжгүй.

Зөрчлийн тухай хуулийн танилцуулга[8]-аас үзэхэд зөвхөн 230 гаруй салбарын хуульд заасан "зөрчилд хариуцлага хүлээлгэх” бүлгийг Зөрчлийн тухай хуульд механикаар нэгтгэсэн байх ба "эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем”[9]дэх салбарын хуулиуд, захиргааны хэм хэмжээ тогтоосон актуудыг сайтар шалган харьцуулахад "230” гэсэн тоог хэд дахин ихэсгэсэн маш сонирхууштай тоо, баримт гарах болно.

Энэ нь эсрэгцсэн утгаараа салбар хуульдаа тухайн хуулийг зөрчсөн зөрчлийг зааж болох утга агуулга, үндэслэл бүхий баримт болно.

Тухайлбал, Улсын Ерөнхийлөгч, УИХ, аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгч нарыг сонгохтой холбоотой Сонгуулийн тухай (төрөлжүүлэн нэгтгэсэн) хууль[10]-д хүн, хуулийн этгээдийн зүгээс үйлдэх, хэрэгжүүлэхийг хориглосон буюу захиргааны зөрчилд тооцохоос өөр аргагүй "маш олон зөрчлүүд” байгаа боловч тухайн салбарын хуульд өөрт нь нарийвчлан, тодорхой зохицуулсан байдаг.

Энэ нь салбарын хуулиар зохицуулж болох зөрчлийг Зөрчлийн тухай хуульд механикаар нэгтгэх нь чухал биш харин салбарын хуулиуд батлахдаа багцлах буюу төрөлжүүлэх, салбар буюу салбар дундын хуулиудын зохицуулах зүйлийнх нэгдмэл, нийлмэл буюу ижил, төсөөтэй, ойролцоо шинж байдлыг нь харьцуулан сайтар шалгаж, салбарын хуулиуд дахь зөрчлийг давхцуулахгүй байхад анхаарах нь хамгийн чухал болохыг давхар нотлон илэрхийлж байгаа юм.

2.3. Зөрчлийн тухай хууль дахь"нийлэлдсэн зөрчил” нь зөрчил гаргагч хүн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг илтэд дордуулахаар байх тул задалж, холбогдох салбарынх нь хуулиар зохицуулах, хэрэв салбарын хуульгүй бол захиргааны хэм хэмжээ тогтоосон акт зөрчсөн зөрчил, эсхүл Зөрчлийн хуулиар тусгайлан тооцсон зөрчил, 

Нийтэлсэн admin   Үзсэн: 1097   |   Сэтгэгдэл:
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд