11-12-2014, 10:50   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Иргэн Х.Сепболсон: Шүүхийн шинэтгэлийг надаас илүүтэй мэдэрсэн хүн байхгүй байх

http://kharkhorincourt.gov.mn/files/1111111111.jpgХилс хэрэгт холбогдож, дөрвөн жил гаруй хугацаанд цагдаад шалгагдсаны эцэст шүүхээс цагаатгагдсан, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын5дугаар багийн иргэн Х.Сепболсон Баян-Өлгий аймгийн сум дундын 2 дугаар шүүхэд талархсан сэтгэлээ илэрхийлжээ. Ингээд шүүхэд чин сэтгэлээсээ баярласан иргэний талархлыг хүргэж байна.


 

-Иргэд шүүхэд баярласан сэтгэгдлээ илэрхийлдэг боловч тэр болгон миний талархлыг олон нийтэд хүргэж өгөөч гэж зорьж ирдэггүй. Таны хувьд шүүхээр үйлчлүүлэх явцад чухам ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Миний бие 2011 оноос эхлэн 2014 оны 05 дугаар сар хүртэл Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан онц хүнд гэмт хэрэгт холбогдож, хилсээр шалгагдлаа. Хэрэв шүүх намайг цагаатгаагүй бол эд хөрөнгийг хурааж, арваас дээш арван таван жил хүртэл хугацаагаар хорих хүртэл ялаар шийтгүүлэх онц хүнд гэмт хэрэгт намайг гүтгэсэн. Өнгөрсөн хугацаанд эмэгтэй хүний хувьд 14 хоног цагдан хоригдсон нь үнэхээр хэцүү туссан. Тухайн үед хамт наймаа хийдэг байсан хүмүүс буюу Улаанбаатар хотын иргэн Б, Өлгий сумын 5 дугаар багийн иргэн А, 3 дугаар багийн иргэн М нар намайг худлаа гүтгэснээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан. Үүнээс болж хэдэн сар, хэдэн жилээр цагдаа, прокурорын байгууллагын үүдийг сахиж, сэтгэл санаа, гэр бүл, эд хөрөнгийн хувьд маш их хохирол амслаа. Эрүүгийн хэрэгт холбогдсон миний энэхүү байдлаас болж, үр хүүхдүүд, хань ижлийн нэр хүнд, бидний гэр бүлийн дулаахан уур амьсгал үгүй болж, хэсэг хугацаанд гэр бүл ч үгүй, зовлонд унасан нэгэн болж хувирсан. Надад холбогдох хэргийг аймгийн прокурорын газраас хоёр удаа хэрэгсэхгүй болгосон ч дахин сэргээж, эцэст нь үнэн мөнийг дэнслэхийн тулд шүүхэд шилжүүлсэн. Хэргийг шүүхээр шийдвэрлэхийн тулд хоёр ч удаа аймгийн шүүхэд улсын яллагчийн эсэргүүцлээр орж, мөрдөн байцаалтад буцааж байлаа.

-Анхан шатны шүүхэд хэргийг шийдвэрлэхийн өмнө Та юу бодож байв?

-Надад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлэхэд миний хоёр охин шүүхийн хүлээлгийн танхимд "Ээжийг минь битгий хориоч гэж” гээд хэдэн цагаар бурханд залбирч суусан тэрхүү аймшигтай мөчийг миний охид болон шүүгдэгчийн ширээнд чичирч зогсож байсан миний бие одоог хүртэл мартаж чаддаггүй. Шүүх хэргийг хэлэлцэж цагаатгасан тогтоол гаргахад "Иргэнийг хамгаалдаг шударга шүүх гэж байдаг юм байна” гэж хэлээд, хэдэн жил зовж ядарсан өөрийгөө өрөвдөөд шүүх хуралдааны танхимд уйлж байснаа нуугаад яахав.

-Хохирогч талаас давж заалдах шатны шүүхэд хандсан юм байна шүү дээ?

-Тийм ээ. Миний зовлон үүгээр дуусаагүй хохирогч талын гомдлоор хэргийг Ховд аймгийн давж заалдах шатны шүүх хоёр дахь удаа шийдвэрлэсэн. Тэгэхэд өмгөөлөгчид төлөх мөнгөгүй, Ховд аймагт очих зардлаа арай л гэж олж аваад Д.Эрдэнэчимэг гэдэг эмэгтэй өмгөөлөгчтэй уулзаад учир байдлаа хэлэхэд эх хүний нинжин сэтгэл гаргаж надад тусалж, хууль зүйн зөвлөгөө өгч, миний өмгөөлөгчөөр ажилласан явдалд талархаж, энэ завшааныг ашиглан баярласан сэтгэгдлээ илэрхийлье. Хамгийн сүүлд Улсын Дээд шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэж, цагаатгах тогтоолыг хэвээр баталж өгсөн. Тиймээс ч иргэн хүний хувьд шударга шүүхэд баярлалаа гэдэг үгийг хэлэх гэж зорьж ирлээ.

-Таны хэргийг шүүхэд шилжүүлсний дараа Та шүүхийн талаар ямар бодолтой байв?

-"Таны хэргийг шүүхэд шилжүүлэх гэж байна, эцсийн шийдвэрийг шүүх гаргана” гээд прокурорын ажилтан намайг шүүхэд шилжүүлж өгчихөөд явчихсан. "Одоо намайг яах бол” гэсэн айдастай би өдөр болгон шүүхэд ирж бүртгүүлдэг байв. Өмнө нь шүүхийн талаар "Хэрэг хийсэн хүмүүс л очдог, тэнд очсон хүн болгоныг цагдан хорьж, ял шийтгэдэг” гэсэн ойлголттой байсан. Шүүхэд хоёр, гурав ирж бүртгүүлсний дараа тэндхийн хүмүүсийн харьцаа, хүнлэг сэтгэлийг биеэр мэдэрч, "Та” гэсэн эелдэг ганц үгэнд баярлаж, тухайн өдөр авсан сэтгэгдлийг орой болгон гэр бүлийнхэндээ хэлдэг байсан. Тиймээ, миний төсөөлж байсан аймшгийн газар биш байсан. Шат шатны шүүхээр хэргийг шийдвэрлүүлэх явцад шүүхийн шинэчлэлтийг надаас илүүтэй мэдэрсэн хүн байхгүй байх. Хэрвээ Монголд шударга шүүх байгаагүйсэн бол яах байсныг төсөөлөхөөс айж байна. Шүүхэд зөвхөн эрүүгийн хэрэгт холбогдсон иргэд биш янз бүрийн маргаантай, шүүхээс л шударга ёсыг хайсан, ядарсан, зовсон хүмүүс өдөр болгон ирдэг юм байна.


Нийтэлсэн admin   Үзсэн: 1000   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд