8-06-2015, 14:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

СУМ ДУНДЫН 18 ДУГААР ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ ЯРЬЖ БАЙНА

http://kharkhorincourt.gov.mn/file2015/53-6.jpgСайн байна уу? Таньд энэ өдрийн мэнд хүргье. Та өөрийгөө уншигчдад танилцуулахгүй юу?

- Намайг Жамбалын Цэцгээ гэдэг. Би тус шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж байна.

-Та шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдохоосооөмнө шүүхийн талаар ямар сэтгэгдэлтэй байсан бэ?

- Өмнө нь шүүх байгууллага нь гэм буруутай этгээдэд хариуцлага хүлээлгэдэг газар гэж сонсож байсан. Нэг их үйлчлүүлээд байдаггүй байсан болохоор сайн мэдэхгүй байсан. Шүүх, цагдаагийн байгууллага гэхээр ихээхэн айдастай байдаг байлаа. Харин тус шүүхийн ажилтан, албан хаагч нартай уулзаж ярилцаад, иргэдийн төлөөлөгч нарт зориулсан сургалтанд сууснаар миний дээрх бодол өөрчлөгдсөн. Шүүх үйлчилгээний байгууллага болох зорилт тавьж ажиллаж байгаатайгаа уялдан ажиллаж чадаж байгаа гэж үзэж байна.

- Шүүхийн иргэдийн төлөөлөгч болсноор та хуулиар хүлээсэн эрх, үүргээ хэрхэн хэрэгжүүлж байна вэ?

 

- Шүүхийн иргэдийн төлөөлөгчийнхөө хувьд ч тэр, иргэн хүнийхээ хувьд ч тэр эрх үүргээ ойлгож байгаа. Шүүхийн тамгын газрын зүгээс шүүхийн иргэдийн төлөөлөгч нарт зориулж сургалт зохион байгуулсан бөгөөд түүнд миний бие хамрагдсан. Дээрх сургалтаас хуулинд заасан иргэдийн төлөөлөгчийнхээ эрх үүргийг мэдэж авсан. Мөн холбогдох гарын авлагаар хангагдсан. Тэр утгаараа үүргээ ухамсарлан биелүүлж байгаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хувьд 4 дүгээр сард шүүх хуралдаанд оролцож, Төрийн сүлдэндээ тангараг өргөж, өөрийн саналаа илэрхийлсэн байгаа. Иргэнийхээ хувьд хуулийн байгууллагад өөрийн хувь нэмрээ оруулна гэдэг нь нэр хүндтэй сайхан санагдаж байсан.

 

-Шүүхээс мэдээлэл авах эрх хэр хангагдаж байна гэж та үзэж байна вэ?

Хүн бүр өөр өөр бодолтой байдаг байх. Миний хувьд шүүхийн талаарх мэдээллийг ихэнхдээ телевизээс авдаг. Гэхдээ сүүлийн үед "Өвөрхангай мэдээ” сонин болон шүүхийн ажилтан албан хаагчдаас авдаг болсон. Мэдээж шүүхийн талаар мэдээлэл миний хувьд хангагдаж байгаа боловч бусад иргэдийн хувьд ямар байгааг сайн мэдэхгүй байна. Тэр бүр хоорондоо шүүхийн талаар яриад байдаггүй л дээ.

 

-Шүүх шинэчлэлийн талаар та мэдэх үү? Мэдэж байгаа бол мэдээллийг хаанаас авч байна вэ?

Шүүхийн шинэчлэлийг хамгийн түрүүнд тахарын байгууллагаар харж байна. Энэхүү алба нь шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс дүрэм журамдаа заасны дагуу шүүхээр үйлчлүүлж байгаа иргэдийн бичиг баримтыг шалгаж оруулж байна. Энэ нь бас нэг шинэлэг санагдсан.

Мөн шүүхийн ажилчид харьцангуй залуужсан байна. Иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй ажиллахыг хичээж ажиллаж байгаа нь шүүхээр 2-3 удаа орж ирэх үед ажиглагдсан. Иргэдтэй болон ажилчид хоорондоо харилцах нь сайхан сэтгэгдэл төрүүлсэн.

Иргэдийн төлөөлөгчдийн саналыг шүүгч хэрхэн хүлээн авдаг гэж та бодож байна?

- Иргэдийн төлөөлөгч бүр л өөр өөрсдийн бодлоор дүгнэлтээ гаргана. Миний хувьд хуралд оролцогч нарын мэтгэлцээнд хэлж байгаа үг, хэрэгт холбогдогч нарын гэмт үйлдлээ хэр ухаарч байгаабайдал, үнэн зөв мэдүүлэг өгч байгаа эсэх хувийн ёс зүйн харилцаа зэргийг анхаарч өөрийн дүгнэлтээ гаргадаг даа. Иргэн миний оролцсон хурал бүрийн шийдвэр аливаа сөрөг зүйл санагдуулаагүй, хуулийн хүрээнд шударгаар шийдвэр гаргалаа гэж санагдсан.

-Цаг гаргаж бидэнтэй ярилцсан таньд баярлалаа. Таньд эрүүл энхийг хүсье.

Та нарт баярлалаа. Та бүхэндээ ажлын амжилт хүсье.

 

Мэдээлэл лавлагааны алба

 


Нийтэлсэн admin   Үзсэн: 953   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд