6-05-2015, 11:37   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

В.Жавхлан: Дагнасан шүүх байгуулах шаардлага нийгмийн хэрэгцээнээс урган гарсан


Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүхийн ахмад шүүгч В.Жавхлантай ярилцлаа. Тэрбээр шүүн таслах үйл ажиллагаанд тасралтгүй 30 гаруй жил ажиллаж байгаа нэгэн. 


-Та хувь заяагаа шүүхтэй хэрхэн холбов. Шүүхийн байгууллагад хөл тавьсан тэр үеэс тань яриагаа эхлүүлье?


-Дунд сургуулиа амжилттай дүүргэж, нийгмийн ухааны чиглэлээр элсэлтийн шалгалт өгч тэнцээд, Улсын Дээд шүүхийн нэр дээр ЗХУ-д суралцах томилолтыг Дээд, дунд, тусгай мэргэжлийн улсын хорооноос авч байлаа. Ингээд эрхүү хотын Улсын их сургуулийн орос хэлний бэлтгэл факультет болон үндсэн ангид 1974 оноос тасралтгүйзургаан жил сурч, хуульч мэргэжил эзэмшсэн. Сургуулиа төгсаж, ирээд Баянхонгор аймгийн шүүхэд хуваарилагдан Өлзийт, Бөмбөгөр, Хүрээмарал, Бууцагаан сумдыг хариуцсан хэсгийн ардын шүүгчээс ажлын гараагаа эхэлж, мөн аймгийн шүүхийн орлогч дарга, Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Нийслэлийн Сүхбаатар дүүргийн /хуучнаар/ шүүхэд шүүгч, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны II шүүхэд шүүгч зэрэг алба хашиж, энэ салбартай амьдралаа холбоод 30 гаруй жил ажиллаж байна даа. Намайг аль ч нийгмийн тогтолцооны үед хөрвөх чадвартай боловсон хүчин болгож бэлтгэсэн Эрхүүгийн Их сургуулиа дурсахгүй байх аргагүй. Монгол Улсын шүүхийн хөгжлийн түүхийг бичилцэх хувь тохиож, нийгмийн хөгжлийн шат шатанд ажиллаж, тэр тусмаа хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах зорилгыг эрхэмлэсэн хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэм байгуулж, эрх зүйт төрийг төлөвшүүлэн хөгжүүлэх, эрх зүйн шинэтгэлийг хийх үйл явцын оргил үед хувь нэмрээ оруулан ажиллаж байгаадаа бахдалтай байдаг.


-Таныг анх шүүгчээр ажиллаж байх үеийн шүүн таслах ажиллагааны үйл явц одоогийнхоос өөр байсан уу. Мэдээж энэ хугацаанд шийдсэн хэргийн тань тоо багагүй гарна байх?


-30 гаруй жилийн хугацаанд шийдсэн хэрэг, заргын материал вагон вагоноор хэмжигдэж байх. Тэр үед дагнасан шүүхгүй, шүүгч нар мэргэшиж ажилладаггүй, эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүн таслах ажиллагааг холимог байдлаар хэрэгжүүлдэг байсан. Түүнчлэн мэргэжлийн ганц шүүгч, нийгмийн идэвхтэй хэсгээс сонгогдсон ардын хоёр төлөөлөгчтэй шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлдэг байлаа. Ардын төлөөлөгч нь шүүх бүрэлдэхүүнд багтаж, таслах эрхтэйгээр оролцож байсан юм. Одоо бол сонгогчдын нэрсийн жагсаалтаас тохиолдлын байдлаар сонгож, тангараг өргөн, хэргийн зохигчдын /нэхэмжлэгч болон хариуцагч/ гэм бурууд дүгнэлт гарган шүүн таслах ажиллагаанд оролцдог болсон. Иргэн хэн ч байсан шүүн таслах үйл ажиллагаа болон хэрэг маргаантай танилцах, иргэнийхээ хувьд ч, хүнийхээ хувьд ч өөрийн дүгнэлтийг чөлөөтэй гаргах боломжтой юм.


-Шүүхийн шинэчлэл эрчимжиж байна. Шинэчлэл гэхээр хүмүүс хамгийн түрүүнд шүүгчдийн цалингийн асуудлыг л сөхдөг. Ингэхэд шүүгчдийн цалин хэр нэмэгдсэн бэ. Шүүгчийг хараат бус байлгах гол хөшүүрэг нь энэ мөн үү?


-Монгол Улсад шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг цорын ганц байгууллага болох шүүх, шүүхийн шүүгч, ажилтнууд Шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн хүрээнд ажиллаж, амьдарч байна. 1992 онд баталсан шинэ Үндсэн хуулиар хараат бус шүүх тогтоох нийтлэг зарчмыг тунхагласан ч хэрэгжүүлэх арга замыг шүүхийн эрх зүйгээр нарийвчлан тогтоогоогүй. Үүний улмаасшүүх бие даасан, шүүгч хараат бус байх зарчим бодит үйл ажиллагаанд шилжээгүй байсан л даа. Харин 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наас хүчин төгөлдөр болж, хэрэгжиж эхэлсэн. Шүүхийн тухай багц хуулиар залруулагдаж, хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсноос гадна анх удаа шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлдэг шүүхийн бие даасан захиргаатай болж, ШЕЗ даргад бүх шатны шүүхийн үйл ажиллагааны болон хөрөнгө оруулалтын төсвийг төлөвлөн УИХ-д шууд өргөн мэдүүлэх эрхийг олгосон. Шүүхийн эдийн засгийн баталгаа гэдэг нь үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн, чанартай сайн гүйцэтгэхэд хангалттай төсөв, хөрөнгөтэй байх асуудал юм. Шүүхийн тухай багц хууль хэрэгжиж эхэлснээр шүүхийн эдийн засгийн баталгаа сайжирч, шүүгчийн цалин хөлсийг шинэчлэн тогтоож, шат шатны шүүхэд Тамгын газар байгуулснаар шүүгч, ажилтнуудын ажиллах нөхцөл, бололцоо хангагдаж, цахимжсан юм. Одоо манай шүүхэд гэхэд "Иргэн-1" программын баазыг "Иргэн-2014" нэгдсэн системд нэгтгэн "0ффис-2013" программ хангамж нэвтрүүллээ. Энэхүү программ хангамж нь нэхэмжлэлийн хуваарилалт болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл, журам, хугацаанд явагдаж байгаа, эсэхийг илэрхийлж, гар ажиллагааг хөнгөвчилсөн, иргэдэд чирэгдэлгүй, ил тод, шуурхай явагдаж байгааг үзүүлэх гол үйл явц болдог. Шүүгч, ажилтан бид мэргэжлийн ур чадвар, сахилга хариуцлага, шүүн таслах ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх замаар шударга ёсны үйлчилгээг нээлттэй, хүртээмжтэй, шуурхай явуулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг бэхжүүлэхэд чанарын алхам хийхийг зорилтоо болгож ажиллаж байгаа. Нааштай үр дүн ч гарч эхэлж байна. Тэгэхдээ шүүгч хуульд захирагдаж ажиллах нь ойлгомжтой. Хууль тогтоогчоос батлагдсан хууль ямар зохицуулалттай байна, түүгээр нь хэрэглэх ёстой. Шүүхийн шинэчлэлийг зарим хүн асуудлыг өөрийнх нь хүссэнээр шийднэ гэж ойлгож, асууж байна. Ингэвэл өрөөсгөл болно.Төрийн үйлчилгээ авахаар шүүхэд хандсан хүнд хуулийн хугацаанд шударга шийдвэр гаргаж өгөх нь л бидний үүрэг юм. Цалин хөлсний тухайд урьд авч байсантайгаа харьцуулбал боломжийн болсон. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж "Хамгийн шилдэг шүүгч нар анхан шатны шүүхэд ажиллана" гэсэн сэдвээр хэвлэлд ярилцлага өгч, анхан шатны шүүгч нарын цалинг бусад шатны шүүхийн шүүгч нараас арай илүү тогтоосон нь хавтаст хэргийг нүдээр үзэж, хэргийн оролцогчдыг харж, хэн нь хэн бэ гэдгийг мэдэрч, халуун цэг дээр ажилладаг анхан шатны шүүгчийн нийгмийн асуудалд нүдээ олсон, урам зориг өгсөн арга хэмжээ болсонд шүүгч нар талархдаг. Шүүгч бид цалингаас өөр ямар ч баталгаа байхгүй, ямар нэгэн хөнгөлөлт, урамшуулал эдэлдэггүй. Манай шүүгч нарын олонхи нь орон сууц болон цалингийн зээлтэй байдаг.


-Шүүгч нар мэргэшин ажиллах болсны ач холбогдол, дагнасан шуухийн онцлог нь юу вэ?


-Дагнасан шүүх байгуулах хэрэгцээ, шаардлага амьдралаас урган гарсан юм. Манай орны хувьд төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн эдийн засагт шилжиж буй нийгмийн харилцааг зохицуулахад хэдэн зуун хууль УИХ-аас гарч байна. Шүүгч робот биш учраас нийгмийн харилцаанд тохируулж, хэдэн зуун хуулийг судалж, хэрэглэж, хэрэгжүүлэх нь оновчтой бус. Алдаа гарахгүй гэх баталгаа байхгүй гэж болно. Хэрэв шүүн таслах ажлын төрлөөр дагнавал тэр чиглэлийнхээ дагуу хэдэн арван хууль, шинжлэх ухаан болон Дээд шүүхийн тайлбар, холбогдох дүрэм журмыг судалж , хэрэглэвэл энэ нь зохистой хэрэглээ болно. Тухайлбал, Иргэний хэргийн шүүх гэхэд аж ахуйн нэгж, компани, нийгмийн даатгал, татвар, гааль, үнэт цаас, патент, газар, эд хөрөнгө өмчлөх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэл, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай зэрэг эрүүгийн хэргийн шүүх хэрэглэхээс бусад бүх хуулийг хэрэгжүүлдэг юм. Гадаадын зарим оронд зөвхөн эрүү, иргэн, захиргааны чиглэлээр дагнахаас гадна иргэний хэргийн шүүхийг тодорхой хэрэг, маргааны төрлөөр нь насанд хүрээгүй хүмүүсийн, гэр бүлийн хэргийн, хөдөлмөрийн маргааны гэж төрөлжүүлэн, дагнадаг юм билээ. Шүүхийн тухай хуульд дээр дурдсан төрлөөр шүүх дотроо танхимтай байж болохоор заажээ. Гэвч одоогоор танхимтай болох асуудал бодит ажиллагаанд шилжиж амжаагүй байна. Шүүхийг дагнаж байгуулах цоо шинэ системийг Шүүхийн тухай багц хуульд тусгасан. Харин Үндсэн хуульд дагнасан шүүх байгуулж болно гэж заасан байдаг. Манай Улсад 2006 онд анхны дагнасан шүүх буюу Захиргааны хэргийн шүүхийг байгуулсан. 2014 онд Эрүүгийн, иргэний, захиргааны хэргийн дагнасан шүүх байгуулсан. Нэг шүүгч төрөл бүрийн хэрэг маргааныг шийдээд байхаар тодорхой төрлөөр мэргэшдэггүй. Эрүү, иргэний хэргийг ээлжилж шийдвэрлээд байхаар саармагжих сөрөг талтай байсан. Тиймээс дагнасан шүүх байгуулснаар шүүгчийг мэргэшүүлэх нөхцөл бүрдсэн юм. Шүүгч мэргэшихээр шийдвэр, захирамж, тогтоолын чанар сайжирч байна. Хуулийг зөв хэрэглэж, алдааг багасгах сайн талтай. Шүүгч мэргэшин ажиллаж байгаа нь хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгыг хангахын үндсийн үндэс мөн. Шүүн таслах ажлын чиглэлээр судалгаа хийж буй шинжээчид болон судалгааны байгууллагуудад хэрэгтэй, ач холбогдолтой юм.


-Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх хэдэн шуугчтэй вэ. Жилд дунджаар хэчнээн хэрэг шийдвэрлэж байна. Ажлын ачаалал хэр байдаг бол?


-Шүүх байгуулах тухай хуулиар шүүхүүдийг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулж, тэдгээрийн байршил, нутаг дэвсгэрийн харьяаллыг тогтоосны дагуу Дүүргийн иргэний хэргийн анхан шатны II шүүх нь хуучнаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн шүүхүүдийг нэгтгэн 23 шүүгчтэйгээр 2013 оны 12 дугаар сарын 19-нөөс үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Тус шүүхийн хар,яаллын дүүргүүдэд 582 мянга гаруй хүн ам оршин сууж, 20.109 гаруй аж ахуйн нэгж, байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Хүн амын суурьшил, хуулийн этгээдийн байршил, үйл ажиллагаатай холбоотойгоор иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хувиар нэхэмжлэл, гомдол, хүсэлт гэвэл багагүй тоо гарна шүү. Статистик мэдээнээс харахад манай шүүх 2014 онд 7869 иргэний хэрэг шийдвэрлэсэн байна лээ. Сард дунджаар 1320 нэхэмжлэл, өдөрт 60-65 нэхэмжлэл хүлээн авч, долоо хоногт 140-215 шүүх хуралдааныг зарлан хийж байгаагаас үзэхэд нэг шүүгчид ногдох хэргийн ачаалал их байгаа юм. Шүүгч нар маань хуульд заасан үүргээ биелүүлж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан цаг наргүй ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй.


-Боловсон хүчний хувьд шүүгчид харьцангуй залуужиж байна. Тэр хэрээр ажлын туршлага зайлшгүй шаардлагатай. Та ахмад шүүгчийн хувьд мэргэжил нэгтэй залуучууддаа хандаж юу хэлэх вэ?


-Эрх зүй өндөр хөгжсөн орнуудад хуульч мэргэжилтний оргил нь шүүгч гэж дүгнэдэг. Иргэний нийгэм байгуулж, эрх зүйт төрийг төлөвшүүлэн, хөгжүүлж байгаа манай хуульчдын дунд ч энэ талаар ярьдаг. Тиймдээ ч шүүгч болох тэмүүлэлтэй хүн олширсон. Энэ нь ч амьдралын зүй тогтол. Шүүгч хүн ахуйдаа баригдаж, амьдралдаа түүртэж болдоггүй юм. Мөн найдвартай, баталгаатай ар талтай байххэрэгтэй. Шүүгч гэдэг энэ ажилд улсын Ерөнхийлөгч томилдог, өндөр цалинтай гэхээс илүүтэйгээр уг ажлын онцлогийг судалж, би хийж чадах уу, энэ ажилд бэлтгэгдсэн үү гэдэг асуултыг өөртөө олон удаа тавьж, хариултаа зөв сонгоорой, залуучууд минь. Ер нь бусад шүүгчээсээ байнга суралцаж, шүүхийн практикийг үргэлж судалж байж жинхэнэ шүүгч болдог. Амьдрал баян болохоор зах зээлийн эдийн засагт шилжсэн нийгмийн харилцаа улам бүр нарийсаж, хууль тогтоох байгууллагаас олон зуун хууль шинээр батлагдан гарсны зэрэгцээ хэрэг, маргааны өнгө өөр болж, шүүгчээс хууль хэрэглэх өндөр түвшний мэдлэг, ур чадварыг шаардаж байна. Мөн шүүгч хүн амьдралын олон талт харилцааг таниж, мэдэхдээ монгол хүний гүйлгээ ухааныг гаргаж сурах, хүнийг алагчилж үздэггүй байх, бусдад хүн ёсны мөн чанарыг элгэмсгээр гаргах эрдэмд суралцах хэрэгтэй. Мэдлэг, мэргэшил, ур чадвараа байнга дээшлүүлж, шүүхийн эрхэм чанарыг чин сэтгэлээсээ хүндэтгэн дагаж, төвч гол зарчмыг сахиж, ажил үүрэгтээ журамт эзэн нь болж яваарай. Эзэн хичээвэл, заяа хичээнэ гэдэг ардын сайхан сургаал үгээр ярилцлагаа өндөрлөе.


 

Эх сурвалж: "Өнөөдөр сонин” 2015 оны 04 сарын 13-ны дугаар

Нийтэлсэн admin   Үзсэн: 787   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд