22-08-2019, 04:34   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Гэрэлтэй цонх: Арга "сүвлэсэн" амьдрал


Цэлийсэн том өрөөнд сүүл үеийн макбүүк дэлгэчихсэн. Твиттерээ шалгангаа "Том n Тоms”-ын кофе шимээд л. Хаалгыг нь тогшоод "Орох уу” гэж туслах нь асуувал дурамжхан зөвшөөрөн хөмсөг зангидаад "Би ажилтай байна. Харж байна уу чи” гэж омогдоод л...Би шүүгчийн ажлыг ийн төсөөлж зорьсон. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн өрөөнд орвол төсөөллөөс тэс ондоо юм. Өглөө 08.40 цагт эмэгтэйчүүдийн 407 дугаар хорих анги руу эрх чөлөөгөө хасуулсан эмэгтэйг хугацаанаас нь өмнө магадлангаар суллахаар явсан ерөнхий шүүгч 12.30 цагийн үед ажлын байрандаа буцаж ирэв.

 

Өрөөнд хоёр ширээ байх. Хоёр талаар нь дөрөв дөрвөн сандал эгнүүлэн тавьсан ажлын ярилцлагын ширээн дээр зузаан хавтастай бичиг цаас дүүрэн. Харин шүүгчийн өөрийнх нь ширээн дээр суурин компьютороос гадна мөн л бичиг цаас хөглөрч харагдана. Шүүгч эмэгтэй нэг гартаа дусал залгуулсан байв. Харин нөгөө гартаа захирамж, эрхийн акт зэрэг бичиг баримттай танилцан завгүй сууна. Ингэж л амжуулахгүй бол энэ их бичиг цаасны хэзээ гарна аа гэж бодохуйд зүрх үхмээр.

 

Гартаа залгасан дуслаа сурамгай гэгч салгачихаад өрөөний цаад буланд байрлах галт тогоо мэт жижигхэн өрөөндөө порхийтэл ус буцалгачихаж байна. Тэр өрөөг сониучирхвал цахилгаан плитка, тогоо, аяга, халбага гээд хүний хэрэгцээ "цөм” бүрэн. Цайндаа ч гарах завгүй өдөр олон тул ингэж л арга "сүвлэж” албан өрөөндөө ахиад нэг амьдрал эхлүүлдэг гэнэ.

 

Хоёр аяга эгнүүлэн тавиад "Максим” кофе задлан найруулаад надад барьж, өөртөө нэгийг нь үлдээв. Ус буцалгаж, кофе найруулах 10 минутад хоёр ч эмэгтэй хаалга тогшин бичиг, цаас болсоор орж ирээд шүүгчээр гарын үсэг зуруулаад гарлаа. Шүүх байгууллагын нэг өдрийн ажилтай танилцах зорилготой яваагаа хэлвэл "Нээлттэй” хэмээгээд "Шүүгчийн ажлыг амар, хялбар, авлига аваад л сууж байдаг мэтээр санадаг хүн олон л доо. Хамгийн өндөр цалинтай л гэнэ. Ажлын ачааллаас шалтгаалаад хонож ажиллах өдөр бидэнд цөөнгүй бий. Гэхдээ нэг ч төгрөгний нэмэгдэлгүй. Тэглээ гээд бас нэхдэггүй. Миний хувьд үнэхээр ажилдаа дуртайдаа, багаасаа мөрөөдсөн учраас л нарийн бичгээс ерөнхий шүүгч болтлоо хичээсэн” хэмээн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Одонтуул хэлсэн юм.

 

Тус шүүхийн нэг өдрийн ажилтай танилцахаар зорьж очсон хэрэг ийнхүү бүтэж, тэнд түмэн олонтой бужигнаж нэг өдрийг өнгөрүүллээ. Мэдээж шүүх байгууллагын ноён нуруу нь шүүгчид. Харин тэдний хөдөлгөгч хүч нь шүүгчийн туслахууд болоод нарийн бичгүүд аж.

 

Харих завгүй, "эморох” чөлөөгүй залуу нас

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Аливаа эрүүгийн хэрэг шүүхэд шилжиж шийдвэрлэгдээд архивт орох хүртэл хугацаанд хуралд бэлдэх, хурлын оролцогчдыг дуудах, шүүгч, прокурор, өмгөөлөгч бүгдэд шүүх хуралдааны товыг зарлах гээд бүхий л ажиллагааг шүүгчийн туслах гүйцэтгэдэг. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 24 шүүгч ажилладаг. Тэд бүгд нэг туслахтай. Шүүгчийн туслахууд долоо хоногт дунджаар 25-30 шүүх хурлыг бэлдэж оруулдаг бол нэг нарийн бичиг зургаан сарын хугацаанд 512 шүүх хуралд сууж тэмдэглэл бичсэн байх юм.

 

Дөрвөн шүүгчийн туслах нэг өрөөнд зэрэгцэн сууна. Тэдний өрөө даанч зай багатай. Тэгтэл байсхийгээд л хэн нэгэн хаалга тогшин орж ирээд захирамж асууж, бичиг нэхэх аж. Тэр болгонд шүүгчийн туслахууд жирийтэл өрсөн хавтаст хэрэгтэй төмөр сэйфээ онгойлгон нэрээр нь хайж эхэлнэ. Эхний орж ирсэн хүний "эрлийг” олж өгөөд буцааж амжаагүй байтал өөр нэгэн нь ирж аль нэг асуултад хариулт хайн бүсгүйг "хоргооно”. Ингэж шүүх хурлаа эхлүүлэх, шүүх хуралдааны дараа тогтоол, захирамж бэлдэхээс эхлээд иргэдийн асуултад хариулт хайж дээшээ нэг доошоо нэг гүйсээр ажил тарах 17.30 цагаас хойш тэдэнд компьютерийнхоо ард тухтай сууж бичиж, шивэх ажлаа эхлүүлэх нөхцөл бүрддэг байна. Угтаа ажил тарах цагт тэдний ажил эд эхэлдэг аж.

 

Нээрэн л шүүгчийн туслахын өрөөнд 13.00 цагийн үед фэйсбүүк нээлттэй компьютор, кофе барьж тухласан нэгэн үгүй. Цайндаа орлоо гээд хаалгаа түгжээд гараад явдаг хүн алга аа тэнд. Харин тогтоол, захирамж компьютерийн дэлгэц дүүрэн харагдах агаад ширээнийх нь хажуугийн ханан дээгүүр "Батбаярын аав ээж...гэрч, Сарнайгийн дүү, найз-мэдэгдэх хуудас хүргүүл” гэх зэргээр тэмдэглэсэн утасны дугаарууд бичээстэй.

 

Шүүх хуралдааны явц хуулийн хүрээнд өрнөж хуулийн хэллэгээр харилцан яриа өрнөдөг. Харин шүүх хуралдааны өмнө шүүгчийн туслах шүүгдэгч, хохирогч нарын хооронд амь халуун яриа өрнөх юм. "Та даваа гарагт ирж амжих юм уу, таны нөгөө яриад байсан цуглаан чинь хэзээ гэлээ” хэмээн шүүгчийн туслах асуувал хижээл насны эр "Тэрийг зохицуулна аа. Ах нь ирж амжина” хэмээх аж. "Тэгвэл даваа гарагийн 09.00 цагт шүүх хурлыг товлолоо. Та яг ирнэ шүү” хэмээн хатуу сануулаад гаргалаа. Өөр нэгэнд "Утсаа яасан ч унтрааж болохгүй шүү, би тань руу залгана” зэргээр учирлана.

 

Шүүх хуралдааны бэлтгэл ажлыг шүүгчийн туслах бүрэн хангах ёстой. Хэрэв товлосон хугацаанд шүүгдэгч ирэхгүй бол шүүх хурал болохгүй. Үүнээс үүдэн гарах хариуцлагын асуудлыг шүүгчийн туслах хүлээнэ.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Б.Ууганзаяа "Заримдаа шүүгдэгчид шүүх хуралдаа ирэхгүй алга болчихно. Гадуур явахаараа түүнтэй таарчих юмсан гээл харна, хайна. Бүр олдохгүй бол найз нөхдөө гуйгаад л гэр орноор нь явна. Хааяа бүр зүүдэлнэ шүү дээ” хэмээгээд инээмсэглэсэн.

 

Ажилдаа ядарсан, ялархсан нь даанч үгүй энэ залуу бүсгүй "Орон тоо нэмбэл мөн гоё оо. Тэгвэл эрт хариад л...эсвэл” гэснээ тэсэлгүй инээд алдах аж. Бороонд нороод л бодолд дарагдан "эморч” алхах зав түүнд тун хомс. Орой 23.00 цагт ажлаасаа гараад харанхуйд бүдчин гэртээ харьдаг түүнд болзоо бол бүр ч мөрөөдөл бололтой. Оройтож тарах, хонож ажиллахад гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авдаг талаар асуувал "Ганц бие болохоор гайгүй. Ер нь шүүхээр дүүрэн ганц бие хүмүүс л байна” хэмээн түрүүчийнх шиг гэмгүй инээмсэх нь завгүй ажил, залуу нас хоёрыг нь улам ч өнгөлнө.

 

Хүн амины хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цустай хувцас, хүчингийн хэрэгт авагдсан ор хөнжлийн даавуу, хөхний даруулга, дотуур хувцас зэргийг шүүгчийн туслах нэгд нэгэнгүй бүртгэж авна. "Анх ажилд ороод энэ бүгдийг хүлээж авахад сэтгэлзүйн хувьд хүнд санагддаг байсан бол одоо сурчихсан. Миний л ажил шүү дээ” хэмээн бүсгүй итгэлтэй хариулна.

 

Шүүх хурлаа амжилттай эхлүүлээд дуусгасны дараагаар шүүгч "Сайн байна” гэж хэлэхийг сонсох л түүний хувьд хамгийн сайхан зүйл гэсэн. Үнэхээр л ажилдаа дуртай, хайртай нэгэн л тэсч үлдэхүйц тийм их ачаалалтай мэргэжил бол шүүгчийн туслах аж.

 

"Хүүхэд маань салхин цэцэгтээд эмнэлэгт хэвтчихээд байхад би энд уйлаад л шүүх хурлаа оруулж байлаа. Энэ мэтчилэн ар гэрт асуудал гарлаа гээд шүүх хурлын дундаас гараад гүйх, ажлаа дуусгалгүй хаяаад явах боломж бидэнд байхгүй. Өнөөдөр ч гэсэн би ээлжийн амралтаа авсан ч ажлаа дуусгах гээд л ирээд сууж байна” хэмээн зах хязгааргүй их цаасан дундаа хөвөрч суусан өөр нэгэн шүүгчийн туслах бичиг цаас эргүүлэнгээ учирласан юм.

 

Ирдэггүй иргэдийн төлөөлөгчдийг яах вэ

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Өмнөх ажлаа барахгүй суугаа тэдэнд ажил уддаг өөр нэгэн нь иргэдийн төлөөлөгчид гэнэ. Шүүх эрх мэдлийн байгууллагад ил тод, нээлттэй байх зарчмыг бэхжүүлэх, шүүн таслах ажиллагаанд олон нийтийн зүгээс хяналт тавих тогтолцоог бий болгох зорилгоор шүүн таслах ажиллагаанд төлөөлөгчийг сонгон шалгаруулан оролцуулж байхаар ШҮҮХИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуульд хуулчилсан.

 

Иргэдийн төлөөлөгчийг Шүүхийн ерөнхий зөвлөл нутгийн захиргааны байгууллагатай хамтран гаргадаг. Иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон шалгарсан иргэнд шүүх хуралдаанд оролцох тухай шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүх хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө хүргүүлж мэдэгддэг байна. Шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авсан иргэдийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай бол энэ тухайгаа тухайн шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэнэ гэж хуульчилсан.

 

Гэтэл шүүх хурлын өмнөх өдрийн орой нь ирэх эсэхийг нь лавлахад "ямар нэгэн татгалзах асуудал байхгүй, очно” гэсэн иргэн маргааш өглөө нь шүүх хуралд ирэхгүй, гар утсаа унтраачихдаг гэнэ. Ингээд шүүгч, прокурор, өмгөөлөгч шүүгдэгч, хохирогч гээд бүгд цаг заваа хэдийнээс зохицуулж төлөвлөөд шүүх хуралд иртэл зөвхөн иргэдийн төлөөлөгч ирээгүйгээс хурал хойшилдог байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын шүүхийн 2018 оны тайланд сонгогдсон иргэдийн төлөөлөгчөөс шалтгаалан 64 удаа шүүх хуралдаан хойшилсон байх бөгөөд 16 буюу 25 хувь нь өвчтэй, 4 буюу 6.3 хувь нь албан томилолттой, 13 буюу 20.3 хувь нь бага насны хүүхэд асрах чөлөөтэй, 31 буюу 48.4 хувь нь бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцоогүй байна.

 

Ингээд иргэдийн төлөөлөгч ирээгүй хурал хойшилсон тохиолдолд зэмлэл, шүүмжлэлийг шүүгчийн туслах хүлээнэ.

 

Тэгвэл иргэдийн төлөөлөгчид яагаад шүүх хуралд ирдэггүй вэ? Зарим иргэд уриалгахан хүлээн аваад иргэний үүргээ ухамсарлан тохирсон цагтаа товлосон газраа ирдэг бол өөр бусад нь шүүх хурлын дарааа хэн нэгэн өөрт нь өс санаж муу зүйл хийх вий гэхээс болгоомжилдог байна.

 

Ажлаа хийгээд мөрөөрөө гэлдэрч явтал гэнэтхэн шүүхээс залгаад огт танихгүй хэн нэгний шүүх хуралд хөндлөнгөөс ажиглагч хийхийг санал болговол би магадгүй эс зөвшөөрөх болов уу. Ажлын цаг заваа зохицууллаа гэхэд "хүний хэрэгт хошуу дүрэх дэмий” гэж дотны хүмүүс цааргалах нь дамжиггүй. Энэ байдлаар иргэдийн төлөөлөгчид шүүх хуралд ирэхгүй тохиолдол цөөнгүй аж. Иймд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг эргэж харах нь зүйтэй юмдаг уу даа.

 

Гэгээтэйд гэртээ харих хүсэл...

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хэн ч анзаардаггүй, хэнд ч анзаарагддаггүй ч Монгол Улсын шүүх байгууллагын, шүүгчийн их ажлын дутууг гүйцээж, дундуурыг дүүргэдэг өөр нэгэн албан тушаалтан бол нарийн бичгүүд. Нэг нарийн бичиг өдөрт хамгийн багадаа дөрвөн хуралд сууж тэмдэглэл хөтөлдөг бол ачаалалтай өдрүүдэд 12-13 хуралд суудаг гэнэ. Шүүх танхимд өрнөж буй яриаг нэгд нэгэнгүй, үг үсэг алдахгүй бичиж тэмдэглэх үүрэгтэй гэхээр амаргүй ажил. Ажлаа амжуулахын тулд хонож ажиллах өдөр тэдэнд мөн л цөөнгүй.

 

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд 2018 онд нийт 17734 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох 14207 эрүүгийн хэрэг хүлээн авчээ. Үүнээс 1191 хүнд холбогдох 686 хэргийг прокурорт буцааж, 53 хүнд холбогдох 35 хэргийг түдгэлзүүлж, 310 хүнд холбогдох 133 хэргийг харьяаллын дагуу шилжүүлж, 319 хүнд холбогдох 150 хэргийг хэрэгсэхгүй болгож, 112 хүнд холбогдох 62 хэргийг цагаатгаж, нийт 12551 эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэж, 14925 хүнийг гэм буруутайд тооцож, үүнээс 2040 хүнийг хорих ял оногдлуулахгүйгээр тэнсэж, 52 хүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, 12366 хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсан байна. 

 

Тайлант хугацааны эцсэт 802 хэргийн үлдэгдэлтэй байжээ. Нэг ч гэсэн хэргийн үлдэгдлийг дуусгаж, хавтаст хэргийг архивт шилжүүлэхийн төлөө тэд бүхий л боломжоо дайчлан ажилладаг гэсэн.

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн захиалгаар "Хөгжлийн санаачилга бодлого судлалын төв”-өөс хийсэн судалгаанд эрүүгийн хэргийн шүүгч жилд 75 хэрэг шийдвэрлэхэд ачаалал хэвийн гэж үздэг тухай дурдсан байна. Гэтэл 2019 оны эхний хагас жилд эрүүгийн хэргийн нэг шүүгч 1200 гаруй шүүх хуралд оролцсон байх юм. Өөр нэг статистик харвал наймдугаар сарын эхний нэг долоо хоногт нэг шүүгч 12 хэрэг шийдсэн байна. Зөвхөн нэг долоо хоногт. Шүүх хурал бүрт шүүгчийн туслах, нарийн бичгүүд үргэлж оролцдог тул энэ статистик зөвхөн шүүгчийн бус тэд бүгдийн ажлын ачааллын илэрхийлэл юм.

 

Хэт их ачаалал, харьдаггүй мэргэжилдээ шантарсан нарийн бичгүүд ажлаа хүлээлгэж өгөөд гараад явах нь цөөнгүй гэнэ. Сарын хугацаанд таван нарийн бичиг солигддог байна. Тэгтэл "Нарийн бичгээс ажлаа эхэлсэн. Үнэхээр энэ мэргэжилдээ хайртайдаа 25 жил ажиллаа. Тэвчээртэй хүнийг эргээд амьдрал шагнадаг л юм байна” хэмээн ярьж суух ерөнхий шүүгч ч байх юм. Цаг наргүй цалин багатай энэ алба үнэхээр тэвчээр шалгадаг бололтой.

 

Тэгтэл шүүгч ажилтны нийгмийн хамгаалалтад төрөөс дэмжлэг үзүүлэхгүй байгаа нь шүүхийн хүний нөөцийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлж байна. Цаашид шүүхийн төсвийг дорвитой нэмэгдүүлэхгүй бол шүүн таслах ажиллагааны хэвийн тасралтгүй байдал алдагдах, доголдох, шүүх хүний нөөц, дэд бүтэц, техник тононг төхөөрөмжийн хомсдолд орох эрсдэл бодитойгоор тулгарч буйг Монгол Улсын шүүхийн 2018 оны тайланд онцолсон байна.

 

Шүүх 2018 онд 52,6 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөр ажиллажээ. Гэвч шүүхийн төсөвт нэг удаагийн буцалтгүй тусламж үзүүлэх санхүүжилтийн эх үүсвэр батлагдаагүйгээс хууль тогтоомжинд заасан шүүгч, ажилтны амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, тусламж дэмжлэг үзүүлэх нийгмийн баталгааг хангахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлээгүй байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жаахан баримжаа алдвал зөрж өнгөрөхдөө мөргөлдөж мэдмээр жижиг өрөөнд 11 нарийн бичиг арайхан л багтан сууна. Дээр дурдсан судалгааны явцад шүүгч нарын зүгээс ажлын ачааллыг нэмэгдүүлж буй хүчин зүйлд шүүгчийн туслах, шүүхийн нарийн бичгийн даргын ажлын байрны тогтвор суурьшил нөлөөлдөг гэж үзсэн байна. Энэ нь тухайн ажилтны цалин нийгмийн баталгаатай холбогдох учраас эдгээр ажилтны орон тоо, цалин, нийгмийн баталгааг хангахад анхаарах шаардлагатай байгааг ч дурджээ. Орон тоог нь цалинтай нь цуг нэмээд өгвөл сая ачаалал нь багасч гэгээтэйд гэртээ харих хүсэл нь биелэх бололтой. Түүнээс өмнө цаасан дороос толгой өндийх зав шүүгчид ч түүний туслах, нарийн бичигт үгүй юм.

 

"Хууль эрх зүйн хөгжлийн хүрээлэн” ТББ-ын хуульч, судлаач Г.Цагаанбаяр " Шүүгч жилд 230 өдөр ажиллана гэж үзвэл 93 өдрөөр ажлын ачаалал илүү байгаа бөгөөд үүнийг ажлын өдөр болон амралтын өдөр ажиллаж нөхөж байна. Илүү ажиллаж буй 93 өдөр нь ажлын 744 цаг болж байгаа бөгөөд шүүгч жилд 1840 цаг ажиллах ёстой гэж үзвэл 40 хувиар илүү ачаалалтай ажиллаж байна” хэмээж байсан.

 

Эрүү, иргэн, захиргааны анхан шатны шүүхийн хувьд аль алинд нь ачаалал их байгааг харгалзаж, наад зах нь УИХ-аас тогтоосон шүүхийн ажиллавал зохих орон тоонд хүргэж ажиллуулах, мөн шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн орон тоог 40 хүртэл хувиар нэмэгдүүлэх шаардлага байгааг судлаач хэлсэн.

 

Баянзүрх дүүргийн шүүх хэзээд хамгийн ачаалалтай

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Жил бүрийн тайлан мэдээнээс харахад Баянзүрх дүүргийн шүүх хэргийн тоо, шийдвэрлэлтийн хувь хэмжээгээр үргэлж "тэргүүлжээ”.

 

2018 онд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 10 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж 1724 хэрэг, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж 932 хэрэг хянан шийдвэрлэсэн бол Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нийт 7 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж 902 хэрэг хянан шийдвэрлэсэн байна.

 

Мөн анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг, ял шийтгүүлэгчдийн тооноос харвал орон нутаг нийслэлийн есөн дүүргээс Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хамгийн их буюу 1724 хэрэг шийдвэрлэжээ. Өмнөх онд ч мөн /841/ адил тэргүүлсэн байна.

 

Түүнчлэн 2018 онд Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүдээс нийслэл дэх шүүхүүд нийт 4963 зөрчлийн хэрэг шийдвэрлэснээс Баянзүрх дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 1801 хэрэг буюу нийслэлд шийдвэрлэсэн нийт зөрчлийн хэргийн 36.5 хувийг дангаар шийдвэрлэсэн байна.

 

Шүүгч өдөрт 50 хэргийн материалтай танилцах үе бий гэнэ. Нэг хэргийн материал дор хаяж 250 хуудастай байна. Өнгөрөгч долоо хоногт 09.00 цагт эхэлсэн 15 шүүгдэгчтэй шүүх хурал тасралтгүй 12 цаг үргэлжилж 23.50 цагт дуусчээ. Энэ бүгдээс харахад шүүгчид ч тэдний туслахуудад ч хувийн амьдралдаа гаргах цаг зав, орон зай алга. Үдшийн 23.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны үүдээр өнгөрвөл тус байрны хоёр давхарын өрөөнүүд ихэнх нь гэрэлтэй байх аж.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Энэ гэрэлтэй цонхны цаана "Суугаад ажлаа дуусга” хэмээх үүрэг хүлээсэн хал цэргүүд шиг шөнөжин ажиллаад өглөө бүгдийг бэлэн болгохоор завгүй суугаа...Харин тэднийг  хань нь, үр нь хоолыг нь халуун байлгахсан гэхээс хэдэнтээ буцалгаад л хүлээж байгаа даа. Тэсэлгүй бяцхан хүү ээжийгээ хүлээж амжилгүй унтчихна даа...

 

Г.Тэгшсүрэн

Эх сурвалж www.shuud.mn


 
 
 
Нийтэлсэн admin   Үзсэн: 777   |   Сэтгэгдэл: 0
Хэвлэх
Төсөөтэй мэдээлэл:
Бидэнтэй нэгдээрэй
Подкаст
Монгол улсын Шүүхүүд